Улсын хэмжээнд 394.6 мянган га-д үр тариа тариалаад байна. Энэ талаар өнөөдөр ХХААХҮЯ-нд болсон Улсын ургацын комиссын хурлын үеэр мэдээллээ.
Дээрх тариалалтын 364 мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны ургамал, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалжээ. Ингэснээр урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа хураан авах боломжтой байна. Үүнээс 487.6 мянган тонн буудай, 237 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах аж.
Урьдчилсан балансаас харахад улаанбуудайгаар дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрджээ. Улсын хэмжээнд жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 306 мянган тонн цэвэр улаанбуудай шаардлагатай. Балансаас харахад 2020-2021 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдүүлэхээр байгааг өнөөдөр танилцууллаа.
Ургац хураалтад эхний ээлжинд 2 мянган оюутныг төмс, хүнсний ногоо хураахад дайчлан ажиллуулахаар болжээ.
Нийт хураах талбайн 60-70 хувь нь таримлын хөгжлийн аарцан болцын дунд үед, 30 гаруй хувь нь сүүн болцын төгсгөл, аарцан болцыг эхэн үедээ байна. Одоо 6-10 хоног цаг агаар налгар сайхан байвал ургацаа хурааж авахад бэлэн болжээ.
Гэхдээ 7-8 дугаар сард үргэлжлэн орсон борооны улмаас таримлын болц оройтох, талбай дахь хог ургамал нэмэгдэх хандлагатай байна. Мөн цаг агаарын урьдчилсан мэдээллээр 9 дүгээр сарын эхээр тариалангийн бүс нутгаар үргэлжилсэн аадар бороо орж, цочир хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах шаардлага тулгарчээ. Цаг агаарын хүндрэл гарвал тухайн үед нь шийдвэрлэнэ. Ажиллах хүч, техникийн хангамжийг бүрэн шийдвэрлэсэн цагт богино хугацаанд хураах боломжтой аж.
Ажиллах хүчний хувьд газар тариалангийн компани, ААН-үүд ургац хураалтад 5-6 мянган хүн ажиллуулах саналыг ирүүлээд байна. Эхний ээлжинд 2 мянган оюутныг ургац хураалтад буюу төмс, хүнсний ногоо хураахад дайчлан ажиллуулахаар болжээ. ХААИС-ийн 2000, Хууль сахиулахын их сургуулиас 500 оюутанг эхний ээлжинд гарахаар бэлтгэлийг хангаад буйг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газраас өнөөдөр Ургацын комиссын хуралдаанаар мэдээллээ.