Т.Ариунчимэг: “Фауст” хүссэн хүн бүрийн оролддог, барьж авдаг жүжиг биш

“Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд, найруулагч М.Батболд нар хамтран “Альфа” пост драмын театр байгуулжээ. Монголын театрын урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргах, дэлхийнхтэй эн зэрэгцүүлэх, нийгмийн сэтгэлгээний түвшин, үзэгчдийн оюун санаа, гоо зүй, ёс суртахуун, соён гэгээрлийг театрын уран бүтээлээр дамжуулан нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн баг, хамт олон уг театрыг байгуулсан аж. Тус театрын продюсер Т.Ариунчимэгээс “Альфа” театр болон ирэх есдүгээр сарын 17-20-нд үзэгчдэд хүргэх “Фауст” жүжгийнх нь талаар тодрууллаа.

-“Альфа” театр ямар онцлогтой вэ. Хэзээнээс постдрамын театр байгуулахаар зориглов?

-“Альфа” театрын гол онцлог бол постдрам урсгал. Өнөөдөр дэлхийн театрын урлагийн хөгжил болон өнгийг энэ урсгал тодорхойлж байна. Зарим судлаачид театрын хөгжлийн хамгийн сүүлчийн шат ч гэлцдэг. Урлагийн олон агуулгыг шингээсэн энэ урсгалыг одоо ч театр судлаачид судалж, найруулагч нар энэ төрлийг улам баяжуулан туурвиж, уран бүтээлчид ч энэ урсгалаар тоглож ур чадвараа ахиулж байна. Б.Брехтийн онцлог, арга барил, уламжлал нь постдрамын үндэс суурь болсон. 1960-өөд оноос театр судлаач Ханс Тис Леман онол, арга зүйг нь улам өргөжүүлсэн. Харин Монголын театрын урлагт цоо шинэ, одоо судлагдаж буй урсгал юм. Бид уламжлалт театрын өнгө аясыг өөрчилж, орчин үеийн техник, технологийн хөгжлийг нэвтрүүлсэн театр байгуулахаас гадна уран бүтээлчдээс ур чадвараас гадна сэтгэлгээний өндөр цар хүрээ шаардсан, үзэгчдэд оюунлаг уран бүтээл хүргэх зорилготой.

-Үзэгчдэд урлагийн боловсрол, тэр дундаа театрын соёлын талаарх мэдлэг олгох шаардлагатай. Танай театрын зүгээс ирээдүйн үзэгчдээ бэлтгэхэд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Манайд постдрам, модерн театр битгий хэл уламжлалт театрыг зорьдог үзэгч цөөн. Энэ нь урлагийн боловсролтой холбоотой. Хүүхдүүдэд ЕБС-иас нь урлагийн боловсрол олгох хэрэгтэй. Тэгж байж киног шимтэж үздэг шиг театрыг ч үзэх хэрэгтэйг ухамсарлана. Энэ үүднээс манай театраас Youtube сувгаараа дамжуулж хүүхэд, залууст зориулан цуврал влог хүргэж эхэлсэн. Театр гэж юу вэ, ямар үүрэгтэй вэ, яагаад театрыг зорьж жүжиг үзэх ёстой юм бэ гэдгийг тэндээс үзэх боломжтой.

-Театрынхаа уран бүтээлийн төлөвлөгөөнөөс хуваалцаач?

-“Альфа” постдрамын театрын нэг жилийн уран бүтээлийн төлөвлөгөө, үзвэрийн хуваарийг гаргаж, баталсан. Бид урын сандаа өөр өөр төрлийн уран бүтээл багтаахыг зорьж байна. Аливаа театр уран бүтээлээрээ нийгмийг залж, чиглүүлж, соён гэгээрүүлэх үүрэгтэй. Бид ч энэ үүргээ гүйцэтгэхийг хичээнэ. Тухайлбал,Английн зохиолч Майк Бартлеттийн “Love, love, love”жүжгийг хүргэхээр төлөвлөсөн. Уг уран бүтээлд гэр бүлийн харилцааны талаар хөндөнө. Үргэлжлүүлэн “Турандот гүнж” жүжиг хүргэнэ. Дэлхийд алдартай уг дуурийг үзэгчид сайн мэднэ. Харин манай театр Монголд анх удаа жүжиг болгон “амилуулах” юм.

-Театрынхаа нээлтийг яагаад “Фауст” жүжгээр хийхээр шийдсэн бэ?

-Бид шинэ театраа ямар уран бүтээлээр нээх вэ гэж ярилцаж, судалсны дүнд “Фауст”-ыг сонгосон.Найруулагч М.Батболд уг жүжгийг өмнө нь үзэгчдэд хүргэсэн хэдий ч дахин тоглох нь зөв гэж шийдсэн юм. Дэлхийн сонгодог жүжгийн гурван ноён оргилын нэг гэгддэг “Фауст” хүссэн хүн бүрийн оролддог, барьж авдаг жүжиг биш. “Фауст”-ыг ухаж ойлгох, уран бүтээл болгон дэглэж, түүнийгээ үзэгчдэд хүргэхэд мэргэжлийн өндөр ур чадвар шаардана. Энэ бүхнийг бид чадна гэдгээ харуулахын тулд уг жүжгийг дахин хүргэхээр шийдсэн гэхэд болно. Найруулга, уран бүтээлчдийн бүрэлдэхүүнийг бага зэрэг өөрчилсөн. Энэ нь үзэгчдэд сонирхолтой байх болов уу.