Нийслэлд өнөөдөр 15,374 хүнийг вакцинжуулалтад хамруулна

Нийслэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд 28,249 хүнийг вакцинжуулалтад хамруулжээ.Хамрагсдын 40 гаруй хувьд вакцины зааварт өгүүлсэн урвалын шинж тэмдэгүүд илэрсэн. Ноцтой хүндрэл бүртгэгдээгүй байгааг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээллээ. ЭМЯ-наас дархлаажуулалтад ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамгааллын хувцас, хэрэглэлээр тасралтгүй хангаж, өнөөдрийн байдлаар нийслэлд 40 цэгт 74 багийн 560 гаруй мэргэжилтэн ажиллаж, 15,374 хүнийг хамруулахаар ажиллаж байна.

Энд төр, хувийн эмнэлгийн эмч, ажилтан мэргэжилтнүүд, тусгаарлалтад байж тодорхой шалтгаанаар хоцорсон иргэд, үүнд дээр сургуулийн багш, ажилтнууд, мөн үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах шаардлагатай ААН-ийн ажилтан, албан хаагчид орж байна. Түүнчилэн энэ 7 хоногт 60-65 насны иргэдийг хамруулна гэв.

Манай улс "COVID-19"-ийн халдварын эсрэг вакцинжуулах ажлыг эрчимжүүлж, олон хүнийг богино хугацаанд үр дүнтэй хамруулах талаар төр, засаг ажиллаж буйг ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өнөөдөр мэдээллээ. Дархлаажуулалтыг эрчимжүүлэх хүрээнд 3 дугаар сарын 9-нөөс эхлэн өдөрт 10-15 мянган иргэнийг хамруулж байна.

Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн компаниудаас "Монгол Эмимпекс" ОХУ-ын "Спутник" вакцинаас 10 мянган тунг оруулж ирж, "Интермед" эмнэлэг дээр вакцинжуулалтыг хийж байна. Мөн "Ач Үр", "Монос Хүнс" компаниуд вакцин оруулж ирэх хүсэлтээ өгч цаад нийлүүлэгч талтай яриа хэлэлцээрээ үргэлжлүүлээд явж байна. Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-наас тухайн компаниудад холбогдох зөвшөөрлийг өгөөд байгааг мэдээлэв. Хувийн компаниуд ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн, Монгол Улсын Эм, эмийн Үндэсний зөвлөлд бүртгүүлсэн вакциныг оруулж ирж, Монгол Улсын Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу хэрэглэх юм.