Эрүүл мэндийн сайд дархлаажуулалтын цэгүүдэд ажиллалаа

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Хан-Уул дүүргийн ажилчны соёлын ордонд дархлаа сэргээх нэмэлт тунгийн явцтай танилцлаа. Мөн түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд МҮХАҮТ-д болж буй үзэсгэлэнд оролцлоо. Тус үзэсгэлэнд Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвөөс 9 хүний бүрэлдэхүүнтэй дархлаажуулалтын явуулын цэг ажиллаж, вакцины III-р тундаа хамрагдах боломжоор хангаж байв.

Хан-Уул дүүрэгт дархлаа сэргээх нэмэлт тун буюу III-р тунгийн явц хамгийн өндөр 45 хувьтай үргэлжилж байна. Иргэдийг сайн дурын үндсэн дээр Синофарм, Пфайзер гэсэн вакцины сонголттой III тунгийн дархлаажуулалтад хамрагдаж буй юм.

Энэ үеэр эрүүл мэндийн сайд С.Энхболд “Өнөөдрийн байдлаар дархлаа сэргээх нэмэлт тундаа нийт зорилтод бүлгийн 22 хувь буюу 441 мянган хүн хамрагдаад байна. Энэ нь өдөрт 7000-8000 хүн хамрагдаж байна гэсэн үг юм. Суурин 40 цэг, явуулын 36 цэг өнөөдрийн байдлаар ажиллаж байна нэмэлт тунгийн цэгүүдийг нэмэх боломжтой” гэлээ.

МҮХАҮТ-ийн тус үзэсгэлэнд ДЭМБ-ын болон Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас зөвшөөрөл олгосон 10 тестээр шинжилгээ авч байв. Иргэд вакцинаа хийлгэхгүй гэвэл шинжилгээгээ өгөөд үзвэр үйлчилгээгээ үзэх боломжтой болж байгаа юм.