С.Эрдэнэ: Засгийн газар өчигдөр хэд хэдэн ноцтой үйлдэл хийлээ

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Сонгуулийн сурталчилгаа хаагдсан үед сонгуулийн хууль зөрчиж эрх баригч нам төлбөр сурталчилгаа хэлбэрээр, бүх хэвлэл мэдээллийн сувгаар мэдэгдэл хийж, Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ сонгуульд ямар ч үнэ цэнээр хамаагүй ялагч байлгах гэсэн эрх баригчдын увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байна. МАН-ын дарга М.Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнд бэлтгэж байгаа бичлэг цацагдсан.

Сүүлийн үед  бүх юмыг Ардчилсан нам эвлүүлээд зохион байгуулаад, тараагаад байгаа юм шиг ярьж байна. Төрийн ордон гэдэг тусгай хамгаалалтын бүс, тэр дотроо УИХ-ын даргын арын өрөө гэдэг онцгой хамгаалалттай байдаг. Тэр өрөөнд Ардчилсан намын хэн нэгэн ороод нууцаар бичлэг хийх боломж байхгүй. Ард түмнийг Сарандаваагийн үгэнд итгэж байгаа ард түмэнд юу гэж ч хэлсэн яадаг юм бэ гэж ярьж байгаа нь бодит зүйл. Ардчилсан намын зүгээс бичсэн зүйл байхгүй. Энэ бичлэгийг МАН-ын шударга гишүүд нь өөрсдөө гаргаж тавьж байгаа хэрэг.

Намынхаа дотоод асуудал, сахилга батаа өөрсдөө барьж чадаагүй байж, өрсөлдөгч нам руугаа нялзаах хэрэггүй. Зориуд зохион байгуулалттай бэлтгэсэн жүжиг байсан гэдэг нь ил болсон. Бүх асуулт хариултад бэлдсэн байсан. Монгол төрийн эрх мэдлийг хуурамчаар авах гэсэн үйлдэл.

Өөрөөр тайлбарлах аргагүй. “Аархал” нэртэй бүтээлийг чөлөөт уран бүтээлчид хийсэн. Ардчилсан намын оролцоо, захиалга байхгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд, ялангуяа хууль шүүх, Авлигатай тэмцэх газрын холбогдох удирдлагууд ирээд үйл ажиллагаа явуулж байгаа нэвтрүүлгийг хэн нэгэн зохион байгуулаагүй. Бодит байдлыг олон нийтэд ил тод гаргаж тавьсан асуудал. Бид тийм юм хийж явдаг нам ч биш. Ардчилсан намын оролцоо байхгүй” гэлээ.

Мөн "60 тэрбумын асуудал гэж яригдаад байгаа. Энэ 90 минутын бичлэг бол нэг газар, нэг цаг дор бичигдсэн байна гэдгийг өндөр мэргэжлийн АНУ-ын шинжээч тогтоосон. Шаардлагатай бол хоёр хөршөөрөө шалгуулахад бэлэн байна. Ичгүүр сонжуургүйгээр 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж яриад зогсож байгаа хүн шударга үнэнч байж чадах уу. 60 тэрбумын бичлэг бол ямар нэгэн эвлүүлэг биш гэдгийг АН-ын даргын хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Бид энэ асуудалд хүлээцтэй хандсан. Өнөөдрийг хүртэл хууль, цагдаагийн байгууллага нэг ч хөдөлгөөн хийхгүй байгаа. Монгол төрийг худалдсан ноцтой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нуун дарагдуулах, зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж, сонгууль өнгөртөл дарах зорилго агуулж байгаа. 60 тэрбумын бичлэг бол Монгол төрийн эрх мэдлийг яаж хууль бусаар авах вэ, Монгол төрийн эрх мэдлийг зарж хэрхэн мөнгө босгох вэ  гэсэн бүрэн хэмжээний нотлох баримт байгаа. Хэрэв эвлүүлэг нь үнэн юм бол нотлох ёстой шүү дээ. Эвлүүлэг гэдгээ нотолж чадахгүй байгаа. 60 тэрбумын асуудал дуусахгүй. Энэ мөнгө бол нийслэлийн хэмжээний албан тушаалыг зарж босгохоор ярьсан мөнгө. Улсын хэмжээнд хэдэн зуун тэрбумын асуудал ярьсныг мэдэхгүй. Баримтад тулгуурлаж асуудлыг ярьж байна. Ард түмэн үнэн худлыг ойлгосон байх” гэлээ.

Түүнчлэн тэрбээр “Засгийн газар өчигдөр хэд хэдэн ноцтой үйлдэл хийлээ. Хүүхдийн мөнгө Ардчилсан намын санаачилсан хөтөлбөр. Хүүхдийн мөнгө ямарваа нэгэн халамж биш, ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт. 2012 онд Ардчилсан нам Засгийн эрх авахад Сү.Батболдын Засгийн газар зогсоочихсон байсныг бид сэргээгээд, 10 мянгыг 20 мянга болгоод тогтвортой дөрвөн жил олгосон.

МАН Засгийн эрх авуутаа улс орны эдийн засаг сүйрлээ гээд хүүхдийн мөнгийг хүчингүй болгосон. 2018 онд 60 хувь нь, 2019 онд 40 хувьд нь олгохоор төсөвч суулгаж батлуулсан. Олон улсын валютын сан/ОУВС/-гийн өмнө хүлээсэн үүрэг дотор хүүхдийн мөнгийг хасахаар амлалт авсан гэж удаа дараа ярьж байсан. Нэгдүгээрт ОУВС-тай зөвшилцсөн юм уу, үгүй юм уу зөвшилцсөн ямар ч мэдээ баримт байхгүй байгаа. Хоёрдугаарт хүүхдийн мөнгийг Засгийн газрын шийдвэрээр олгох боломжгүй бөгөөд УИХ-ын 2016 оны 63 дугаар тогтоол 2017 оны 29 дүгээр тогтоолд тус тус өөрчлөлтийг оруулж 2017 оны төсвийн тодотгол хийж, төсөвт суулгах шаардлагатай. Учир нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын хүүхдийн мөнгийг маргаашаас эхэлж олгоно гэсэн мэдэгдэл нь Төсвийн тухай хуулийн 6.2.3-т урьдчилсан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, эсвэл зарлага нэмэгдсэнээр төсвийн алдагдал нэмэгдэхээр бол төсвийн зарлагыг бууруулах эсвэл орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар тухайн жилийн төсөвт тодотгол хийж тэнцэржүүлнэ гэсэн заалтыг ноцтой зөрчиж байгаа.

Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан мөнгөн амлалтын шоу хийж байна. Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр олгохыг эрх баригчдаас шаардсан, өнөөдөр хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр олгох гэж байгаад талархаж байгаа хэдий ч худал хуурмаг байдлаар ийм шийдвэр гаргаж болохгүй. Монголын ард түмнийг хуурч байгаа явдал. Өнөөдөр ямар эс үүсвэрээс мөнгө олох гэж байгаа юм бэ.

Төсвийн тодотгол батлаагүй байхад, төсвийн тухай хууль зөрчин Засгийн газар дангаараа шийдвэр гаргах эрхзүйн чадамж байхгүй. Үнэхээр хүүхдийн мөнгийг өгөх гэж байгаа бол УИХ-аар төсвийн хууль болон дагалдах хуулиуд оруулж батлуулж байж, шийднэ. Энэ ард түмэнд юу ч амласан яадаг юм гэж бодож байгаа байх шиг байна, эндүүрэл шүү. Ард түмэн тэнэг биш шүү, бүгдийг харж байгаа. ОУВС-тай ярьсан юм уу, төсөвт тодотгол хийгээгүй байхад хүүхдийн мөнгийг яаж олгох гэж байгаа юм бэ” гэлээ. Мөн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Эрдэнэтийн 49 хувийн асуудал шүүх дээр ирээд шийдвэр нь гарсан. Тус үйлдвэрийн 49 хувийг төрд авах УИХ-ын тогтоол хууль зөрчсөн гэдгийг тогтоогоод зөрчсөн байгаа. Төр өөрт ирээгүй өмчийг хувьцаа болгон тараах эрх байхгүй. Шүүхийн хараат бус байдалд төр халдаж байгаа нь ноцтой үр дагавар дагуулна. Уул уурхайн баялгийг ард түмэндээ тэгш хуваарилах ёстой гэсэн байр суурийг Ардчилсан нам барьж ирсэн, одоо ч энэ байр суурин дээрээ зогсож байна.

Э.Бат-Үүл: Бид нийслэлийг 2012-2016 онд удирдахдаа шилэн болгосон

нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл “Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хотын дарга С.Батболд “Ардчилсан нам эрх барьж байх үедээ нийслэлийн засаг захиргааны байгууллагын байрыг зарсан байна гэж хэлсэн. Энэ бол гүжирдлэг. Бусдыг гүжирдсэн үйл ажиллагаа явууллаа. М.Энхболд өөрөө нийслэлийн Засаг дарга байсан хүн. Улаанбаатарын хотын захиргааг зардаг эрх мэдэлтэй албан тушаалтан Монгол Улсад байхгүй. Нийслэлийн Засаг дарга хүн гүтгэж байгааг эсэргүүцэж, Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдэж байна.

Бид нийслэлийг 2012-2016 онд удирдахдаа шилэн болгосон. Өөрсдөө харанхуй удирддаг байсан. Нийслэлчүүдийг цагаан цаас гэж доромжилж байгааг эсэргүүцэж байна. Цагаан цаас мэтээр доромжилсон хүмүүст хариу өгөх болно. Үндсэн хууль зөрчөөд байна. Энэ гүтгэж гүжирдэж байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Бидний үед 90 гаруй мянган иргэнд цахимаар газар олгосон.

Гэтэл одоо 93 мянган иргэнд газар өгчээ гэж ярьж байна. Тиймээс цахимаар газар авсан иргэдийн өмчийг буцааж авах гэж байна уу гэсэн хардлага байна“ гэв.