Сар шинийн өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна

Сар шинийн өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

2022 оны 2 дугаар сарын 2-6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. 2 дугаар сарын 2, 3-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар, 4-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар, 5-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.