Ахмадуудын тэтгэврийг нэмэх хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын энэ оны төсвийн тодотголыг батлав.

Тодруулбал, Засгийн газраас ахмадуудын тэтгэврийг нэмэх асуудлыг төсөвт тусгаж, энэ сарын 28-нд холбогдох хуулийн төслүүдийг өргөн барьсан билээ. Хуулиудыг эцэслэн баталснаар ахмадуудын тэтгэврийн нэмэгдэлд 637 тэрбум төгрөг зарцуулах юм. Ингэхдээ:

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр 188 мянган төгрөгөөс энэ оныг дуустал 288 мянган төгрөг болгоно,
  • Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөгөөс 400 мянган төгрөг,
  • Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 350 мянгаас 500 мянган төгрөг болгож,
  • 500 мянган төгрөгөөс дээд тэтгэвэр авдаг бол 15 хувиар нэмнэ.

Төсвийн тодотголын тухай хуулийн төсөлд тусгасан 637 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын давсан орлого, төсвийн хөрөнгө оруулалтаас 123 төслийн 260 тэрбум төгрөг, 50 орчим тэрбум төгрөгийн урсгал зардал, 30 орчим тэрбум төгрөгийн гадаад зээл, тусламжаас гаргах зохицуулалт хийж байна.

Монгол Улсын энэ оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг мөн баталсан юм.

УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг баталсан тул Засгийн газар хуралдаж, хуулийн хүрээнд иргэдийн тэтгэврийг нэмэх шийдвэр гаргана.