Б.Жавхлан: Роснефть компаниас шатахуун авахад саадгүй

Роснефть компани манай улсад шатахуун нийлүүлэх гурван сарын гэрээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн тухай Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулах үеэрээ мэдээлэв.

Тэрбээр, "Украины нөхцөл байдалтай холбоотой ямар сөрөг нөлөө гарч болох талаар эхний судалгааг Сангийн яам, ГХЯ болон Монголбанкнаас гаргасан. Олон нийтийн хамгийн их анхаарал татсан сэдэв бол шатахууны асуудал. УУХҮЯ-ны мэдээлснээр, шатахууны төрлүүдэд 36-70 хоногийн нөөц бүрдүүлсэн. Энэ хэмжээний нөөц хэвийн үед ч байдаг" хэмээсэн юм.

Роснефть компани шатахуун нийлүүлэх дараагийн гурван сарын гэрээ байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн тул нийлүүлэлтэд ямар нэгэн саад байхгүйг тэмдэглэлээ.

Харин Монголбанкнаас шатахууны төлбөр тооцооны асуудал саатах эсэхийг анхаарч үзэх ёстойг сануулсан байна. Учир нь Олон улсын банк хоорондын гүйлгээ хийдэг компаниуд ОХУ-ын төв банк болон арилжааны таван банкны свифт үйлчилгээг хязгаарлажээ. Гэхдээ, ОХУ-тай шатахууны төлбөр тооцоо хийдэг нэр бүхий хоёр банк нь манай арилжааны банкуудтай саадгүй төлбөр тооцоо хийх боломжтойг Монголбанкнаас Засгийн газрын хуралдааны үеэр мэдээлсэн байна.

Хуралдааны үеэр, гэнэтийн сөрөг нөлөө байж болох эсэх талаар сонор сэрэмжтэй байж эх оронч, эв нэгдэлтэй байхыг Ерөнхий сайд иргэддээ уламжилсныг Сангийн сайд Б.Жавхлан тэмдэглэв.

Украинд үүссэн нөхцөл байдал нь богино хугацаанд эдийн засагт нөлөөлөхгүй ч зэвсэгт мөргөлдөөн цаашид даамжирвал хэрхэн нөлөөлөхийг судалж, мөнгөний бодлого, төсвийн бодлого, гадаад бодлогоо уялдуулна гэдгийг онцоллоо. Гадаад улс оронд болж буй дайны нөхцөл байдал нь эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөхийг тооцоход хэт эрт байгааг учирлаад, "Ямартай ч сөрөг нөлөөлөл ирнэ. Харьцангуй ухаалгаар, ямар менежментээр сөрөг нөлөөллийг багасгах вэ гэдэг нь Загсийн газрын бодлогын сорилт болно" хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдээллийн үеэр тэмдэглэв.

Ташрамд дурдахад, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Украин улсад өрнөж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг судалж, мэргэжлийн санал дүгнэлт гаргах ажлын багийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээр ахлуулан байгуулсан юм.