Компьютерт томографийн аппаратыг ашиглалтад оруулахад зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ

Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр хэд хэдэн аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд орчин үеийн компьютерт томографийн аппаратыг шинээр суурилуулж эхлээд байна.

Энэ арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт суурилуулж буй компьютерт томографийн аппаратыг ашиглалтад оруулахад Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Тодруулбал, рентген кабинетийн бүтэц зохион байгуулалт, цацрагийн хамгаалалт, эмчилгээ оношилгооны тоног төхөөрөмжийн ашиглалт, чанар аюулгүй байдлыг шалгаж, эрсдэлийг үнэлэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Зөвлөн туслах үйлчилгээний хүрээнд рентген кабинетийн орчны цацрагийн тунгийн чадал болон компьютерт томографийн аппаратын чанарын баталгаажуулалтын хэмжилтүүдийг хийлээ. Мөн тус эмнэлгийн дүрс оношилгооны эмч, рентген техникч, цацрагийн хяналтын ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулав. Сургалтаар ажиллагсдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, давтан зургийн тоог бууруулж, зургийн чанарыг сайжруулах, цацрагийн аюулгүй байдалд тавих дотоод хяналтыг тогтмолжуулах, өвчтөн, үйлчлүүлэгч, цацрагтай ажиллагсдыг хувийн хамгаалах хэрэгслээр тогтмол хангах талаар мэдээлэл өгсөн нь чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.