Засгийн газрын 8 гишүүнийг сольж, шинээр 2 сайд томилно

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэхдээ, “Удирдах зөвлөл Засгийн газрын одоогийн бүрэлдэхүүнээс найман сайдыг чөлөөлж, УИХ-ын гишүүдээс томилох, Засгийн газрын өдөр тутмын ажлыг шуурхай болгох, тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх үүднээс асуудал эрхэлсэн 2 сайдтай болохоор шийдлээ. УИХ-аас 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх бүрэн эрх Ерөнхий сайдад бий. Тиймээс намын Удирдах зөвлөл ч Ерөнхий сайдын саналыг дэмжсэн. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, УУХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, ХНХ-ын сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, ЗТХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал, ЗГХЭГ-ын даргаар МАН-ын Ерөнхй нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг томилохоор саналыг дэмжсэн. Мөн Нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Спорт, олимпизмын асуудал хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнийг томилсон” гэв.

Одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулган хуралдана.