Засгийн газраас өнгөрсөн сарын 9-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Нийгмийн бодлогын байнгын хорооноос МҮЭ-ийн холбоотой хамтран Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Үйлдвэрчний эвлэлийн салбар холбоодод танилцуулах, санал авах уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Үйлдвэрчний эвлэлийн салбар хороодын гишүүдээс Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэврийг хөнгөлөлтэй тогтоох хуулийн заалтын үйлчлэх хугацааг тогтоохгүй байх, боловсролын салбарт ажиллаж буй багш, ялангуяа цэцэрлэгийн багш нарт тухайн хүн өөрөө хүсвэл 50-55 настайд нь тэтгэвэрт гардаг байх эрхийг нээж өгөх, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй байх, улирлын чанартай ажил эрхэлдэг ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй байх болон тэтгэвэр өвлөх эрхийн талаар зэрэг өргөн хүрээнд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ санал бодлоо илэрхийлсэн юм. Цаашид УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах, санал авах уулзалтыг сайн дурын шимтгэл төлөгч, ажил олгогч зэрэг бүлгүүдтэй зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Уулзалтад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн С.Ганбаатар, Ц.Туваан болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнууд оролцов.