Соёл, урлагийн сургуулиуд, сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг боллоо

НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Нийслэлийн иргэд, хүүхэд, залуучуудад соёл, урлагийн үзвэр, үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй хүргэх, соёл, урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх, боловсрол, мэдлэг түгээж, их хотын ирээдүйн соёлтой иргэнийг бэлтгэх зорилгоор “Улаанбаатарын хаврын баяр-2023” нэгдсэн өдөрлөгийг санаачилжээ.

Өдөрлөгт СУИС, Монгол Улсын Консерватори, КУДС, СИТИ дээд сургууль зэрэг 20 орчим сургууль болон сургалтын төвүүд үйл ажиллагаагаа танилцуулж, элсэлтийн шалгалтын бүртгэл хийн, урлагийн тоглолт зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлээс өнгөрсөн жилээс эхлэн Сүхбаатарын талбайд олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Тодруулбал, Ерөнхийлөгчийн нэрэмжит “UB Cup 2022” хөл бөмбөгийн тэмцээн, УИХ-ын даргын нэрэмжит “Үндэсний номын баяр”, 3X3 сагсан бөмбөгийн тэмцээн, “Улаанбаатар марафон” бүх нийтийн гүйлт гэх мэт үйл ажиллагааг  зохион байгуулсан. Энэ жилийн тухайд төв талбайд зохиох ажлын эхлэл болгон уг нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулж байна” гэв.