Г.Занданшатар: Сонгуулийн хуулинд хүн ам, газар нутаг, нийгмийн бүлгүүдийн төлөөллийн зарчмыг бүрэн хангах шаардлагатай

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар сонгуулийн хуулийн тогтвортой байдлыг цаашид хангах талаар болон өргөн мэдүүлсэн төслүүд төлөөллийн ардчиллын үндсэн зарчмуудыг хэрхэн хангаж буй талаар ажлын хэсгээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд сонгууль болгоноос урьтаж хуулиа, тогтолцоогоо өөрчилдгөөс үүдэж сонгогчдод ойлгомжгүй байдал үүссэнийг УИХ-ын дарга анхааруулж, цаашид сонгуулийн эрх зүйн орчныг тогтвортой болгох үндсийг бүрдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгээс сонгуулийн тогтолцооны асуудлыг Үндсэн хуульд оруулах замаар тогтвортой байдлыг хангах боломжтойг хэлэв. Мөн ажлын хэсгийг төлөөлж, УИХ-ын гишүүн Т.Доржханд, төсөлд тусгасан тогтолцооны хувилбар бол УИХ-д суудалтай гурван намаар зогсохгүй нийт улс төрийн намуудын нэгдмэл санал, хамтын шийдвэр тул цаашид тогтвортой байдал хангагдана гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Үүнээс гадна хүн ам, газар нутаг, нийгмийн бүлгүүдийг бүрэн төлөөлөх төлөөллийг хангах явдал нь төлөөллийн ардчиллын үндсэн зарчим болохыг УИХ-ын дарга дурдаад, хуулийн төсөлд уг асуудал хэрхэн туссан талаар асуусан юм. Өргөн уудам газар нутаг, цөөн хүн амтай улсын хувьд үндэсний аюулгүй байдлын үүднээс газар нутгийн төлөөллийг хангах асуудал ихээхэн чухал гэдгийг онцлоод, засаг захиргааны нэг нэгжийг нэг л гишүүн төлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан нь эрсдэл үүсгэж болзошгүйг тэрээр анхааруулав. Мөн төрийн албан хаагчид, мэргэжил нийгмийн бүлгүүдийн төлөөллийн сонгох, сонгогдох эрхийг бүрэн хангах асуудлыг анхаарах ёстойг хэлсэн юм.

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг, мөн УИХ дахь АН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн төслүүдэд аль алинд нь холимог тогтолцоог тусгасан боловч тойргоос болон намын жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог эхний төсөлд 38/38 байхаар, харин хоёр дахь төсөлд 48/28 байхаар тусгаад байгаа юм.