Замын хөдөлгөөний хязгаарлалт 24 цагийн турш үйлчилнэ гэв

Өнөөдрөөс Энхтайваны өргөн чөлөөний долоон уулзварт зүүн гар тийш эргэхийг хязгаарлалаа. Ийнхүү хязгаарласнаар зөвхөн Энхтайваны өргөн чөлөө гэлтгүй нийслэлийн  авто замын түгжрэл 20 орчим хувиар буурна гэж холбогдох албаны хүмүүс үзсэн байна.  Дээрх зохицуулалтыг хийхээр жилийн өмнөөс эхлэн нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Замын цагдаагийн газар, Засаг даргын тамгын газар зэрэг  холбогдох байгууллагууд судалгаа, тооцоог гаргасан аж. Энхтайваны өргөн чөлөөний  нэг уулзварт  цагт 4000-4500 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрч байгаа нь судалгаагаар харагдсан  байна. Харин тус зохицуулалтыг хийснээр нэг уулзвараар  цагт 5000-6000 тээврийн хэрэгсэл зорчин өнгөрөх боломжтой болох юм. Мөн тээврийн хэрэгслийн гэрлэн дохион дээрх хүлээлтийн хугацаа 120 секунд байдаг бол 80 секунд болж, 43 хувиар багасах аж. Улмаар  автомашины дундаж хурд одоогийн байдлаар 32 км/цаг байгаа бол 45 км / цаг болж нэмэгдэнэ. Үүнээс гадна  гэрлэн дохионы үечлэл гурав байсан бол хоёр болж уулзварын нэвтрүүлэх чадвар нэмэгдэнэ гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн энэхүү зохицуулалтад цагийн болон гарагийн хуваарь гэж байхгүй болохыг холбогдох албаныхан онцоллоо.