Дархан-Уул аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг нээлээ

АХБ-ны санхүүжилтээр Ховд, Дундговь аймагт дээрх төвийг барьж ашиглалтад оруулсан бол өнөөдөр Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг нээлээ. Улсын хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг 21 аймаг, 9 дүүрэгт байгуулж байгаа билээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ёслолд оролцож хэлсэн үгэндээ, -Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн олон талт хөгжлийн тогтолцоог төлөвшүүлэх, нийгмийн тэгш оролцоог хангах зорилт дэвшүүлсэн. Аймаг, дүүрэг бүрд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг нээж байгаа. Энэ нь олон иргэнд тусламж үйлчилгээ авахад дэмжлэг болно. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд барилга барьж өгөхийгөө дэмжлэг гэж болохгүй. Нийгэмд тэдний дуу хоолой, эрх ашгийг хамгаалах, хандлагаа өөрчлөх түүчээг эхлүүлэх болно” хэмээн онцоллоо.

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 67 хувь нь хөдөө орон нутагт, түүний дотор Дархан-Уул аймагт 5200 орчим нь амьдардаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг сэргээн засах, эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, сэтгэл зүй, сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, ашиглах зөвлөгөө өгөх, тохируулах, засварлах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.