Д.Эрдэнэбат: Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзлээ

  -Бид олонхийн дотоод асуудалд  үнэхээр оролцохгүй байгаа-

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр /2017.08.30/ ээлжит бусаар хуралдаж, УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдээс Монгол Улсын Засгийн газрыг огцруулах асуудлаар хуулийн төслийг өргөн бариад байгаатай холбоотой асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр "УИХ дахь Ардчилсан намын бүлэг  хоёр зүйл дээр үндэслэж шийдвэрээ гаргаж байна. Монгол Улсын Засгийн газрыг огцруулах асуудалд нухацтай хандах ёстой гэдэг байр суурь хэвээрээ байгаа. Гэхдээ өнөөдөр өрнөж байгаа улс төрийн нөхцөл байдал зөрчилдөөн, нийгмийн хүлээлт зэрэг нь манай бүлгээс  байгуулагдсан ажлын хэсэг нэлээд нухацтай ажилласан. УИХ-ын гишүүн Л.Болдын ахалсан ажлын хэсэг аль аль талын улстөрийн төлөөллүүдтэй уулзаж, дүгнэлтээ дөрвөн үндсэн зүйл дээр тулгуурлан  гаргасан. Түүнчлэн Ардчилсан намын Улстөрийн зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ дахь Ардчилсан намын бүлэгт зөвлөмж хүргүүлсэн. Энэхүү зөвлөмжийг бид бүлгийн хурлаараа хэлэлцэж шийдвэрээ гаргасан. Ардчилсан намын Улстөрийн зөвлөлийн зөвлөмжид УИХ дахь Ардчилсан намын бүлэг  улс эх орны язгуур эрх ашиг, Үндсэн хуулийг дээдлэн ард түмний эрх ашгийн үүднээс бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьтай шийвэрээ гаргаж оролцоорой гэдэг зөвлөмжийг өгсөн. МАН- өнгөрсөн нэг жилийн хугацаанд үүргээ биелүүлээгүй, төрийн албыг үнэгүй болгосон, улстөрчдийн ухамсар, ёсзүйн доройтлыг илэрхийлсэн зэрэг олон сөрөг үйлдэл гаргасан учир Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй  хэмээн гаргасан Ардчилсан намын  улс төрийн зөвлөлийн шийдвэрийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд дэмжих нь зүйтэй гэж үзсэн гэдгээ хэллээ.

Мэдээллийн дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ардчилсан намын Улстөрийн зөвлөлд ямар гишүүд байдаг юм бол?

-Ардчилсан нам дүрмээ шинэчлээд, 33 гишүүнтэй Улстөрийн зөвлөлийг байгуулсан. Улс төрийн зөвлөлийн төлөөлөлд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан намын удирдлагууд, аймгуудын удирдах ажилтнууд оролцдог дүрэмтэй. Шинэ дүрмийн хүрээнд сонгуулийн журмаар Улстөрийн зөвлөлийн гишүүдээ сонгодог. Тиймээс Улстөрийн зөвлөлийн гишүүдийн олохнийн шийдвэр гарсан гэж ойлгож болно.

-Өнөөдөр бүлгийн хуралд хэдэн гишүүн оролцсон юм бэ?

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн есөн гишүүнээс зургаан гишүүн хуралдаа оролцсон. Нэг гишүүн орон нутагт томилолттой, хоёр гишүүн нь гадаадад томилолттой явж байгаа. Бид томилолттой явж байгаа гишүүддээ энэ мэдээллийг хүргэсэн. Гишүүд бидэнтэй санал нэг байгаа.

-Дараагийн Засгийн газарт хамтрах санал яригдаж байгаа юу?

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хамтрах тухай олон янзын худал мэдээлэл явж байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хувьд хамтрах ямар ч шалтгаан байхгүй гэж харж байгаа. Өнөөдөр олонхи хариуцлагаа үүрээд явж байна. 65 гишүүнтэй үнэмлэхүй олонхийн бүлэг өөрсдийнхөө Засгийн газрыг өөрсдөө авч явах үүрэгтэй. Тиймээс ч Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт оролцох шаардлага байхгүй. Ард түмэн 2016 оны сонгуулиар Ардчилсан намыг "бидний өмнөөс хяналт тавь" гэдэг үүргийг өгсөн. Бид энэ үүргээ л биелүүлнэ.

-Засгийн газрыг огцруулахад 39 кноп хэрэгтэй. Одоогийн байдлаар Засгийн г азрыг огцруулахад хүрэлцэхгүй байгаа. Тиймээс танай бүлгийн дэмжлэг хэрэгтэй байгаа байх. Магадгүй Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн зүгээс та бүхэнд хүсэлт тавьсан уу?

-Бид олонхийн дотоод асуудалд  үнэхээр оролцохгүй байгаа. Оролцох шаардлагаггүй гэж үзсэн. 65 гишүүнтэй энэ бүлгийн дотоод зөрчилдөөний асуудалд Ардчилсан нам оролцохгүй гэсэн байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Харин бид Ардчилсан намын удирдах зөвлөллийн шийдвэр болон Ардчилсан намын бүлгийн шийдвэрээ дагаж оролцоно. Түүнээс биш хэдэн кноп хэрэгтэй эсэх нь бидэнд чухал асуудал биш. Тиймээс эрх баригчид өөрсдийнхөө дотоод асуудлыг өөрсдөө шийдэх ёстой.