С.Амарсайхан: Зудад үхсэн малын махыг зарвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Улсын онцгой комиссоос Монгол Улсын хэмжээнд хаваржилтын нөхцөл байдлын талаар танилцуулсан.

Монгол орны нийт газар нутгийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй, 92 суманд нөхцөл байдал хүнд, 90 суманд цагаан зуд, 23 суманд төмөр буюу шилэн зудын байдалтай.  Түүнчлэн 12 аймгийн 200 суманд зам гарц хаагдсан, 1.5 сая мал хорогдсон, 3137 малчин айл өрх сүлжээгүй, холбоо тогтоож чадаагүй байгаа аж.

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид зудад нэрвэгдсэн малын махыг борлуулж буйг хэрхэн хянах талаар тодруулахад Шадар сайд С.Амарсайхан “Зуд зовлонгийн хажуугаар ашиг хонжоо хайсан янз бүрийн үйлдэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ зудаар үхсэн малын хаягдал махыг хоол хүнсэнд хэрэглэх боломж байхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Ийм асуудал гаргуулахгүйн тулд хууль хяналт, мэргэжлийн  байгууллагууд онцгой хяналт тавьж ажиллаж байгаа.

Хэрэв зарах асуудал гарсан бол нийгмийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт тооцогдоно. Хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээнэ. Зудад хорогдсон малыг халдварт өвчин гарахаас сэргийлж зэвсэгт хүчний хүн, машин техникийн нэмэгдүүлж сэг зэмийг нь газар булж устгана. Дараа нь ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил гүйцэтгэнэ” гэв.