Малчдаа дэмжих “Халуун сэтгэл” аяны хүрээнд цугласан хандивыг УОК-т гардуулан өглөө

Харанга хамтлагийн дуучин Ц.Чулуунбатын санаачилсан малчдаа дэмжих "Халуун сэтгэл" аяныг энэ сарын 24-ний өдөр Рок поп, хип хоп, нийтийн болон ардын дуучид, сонгодог урлагийн уран бүтээлчид, МҮХАҮТ, МҮОНРТ-ийн хамт олон хамтран улс орон даяар зохион байгуулсан.

Байгалын онц аюултай үзэгдэлд тэвдэж, ядарч яваа малчдадаа туслах энэхүү хандивын аянд нийт 20 мянга гаруй иргэн оролцож, 417 сая төгрөг цугласан бөгөөд өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нарт хүлээлгэн өглөө.

Тус аяныг зохион байгуулагчдын зүгээс иргэдийн халуун сэтгэлээр цуглуулсан энэхүү хандивыг үр бүтээлтэй зарцуулж, зорилтот иргэдэд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд хөрөнгийн зарцуулалтыг шилэн байдлаар хянах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Шадар сайд С.Амарсайхан уг хүсэлтийг хүлээн авч буйгаа хэлээд, сэтгэлийн хандив өргөсөн нийт ард иргэд, аж ахуй нэгж байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.