Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор 36 дахь удаагийн “Номын баяр” болно

Нийслэл хотын соёлын салшгүй хэсэг болсон номын баяр 36 дахь удаагаа 2024 оны 9 дүгээр сарын 13-15-нд төв талбайд болно.

Номд дуртай нийслэл хотын иргэд төдийгүй, орон нутгийн олон олон уншигч зорин ирдэг боловсрол, соёлын арга хэмжээ төдийгүй гадны улс орны хэвлэн нийтлэгч, зохиолч, утга зохиолын агентлаг зорин ирдэг, агуулга цараа нь нийгэмд улам өссөөр байгаа үйл ажиллагаа юм.

Энэ удаагийн баярыг Монголын Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлигийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах гэж буйгаараа онцлогтой.

Үүнтэй холбоотой сүүлийн 32 жилд Монгол Улсын Ерөнхийлөгч нарын номтой холбоотой үйл хэргийн товчоон тэмдэглэлийг “Номын ертөнц” сэтгүүлд нийтлэхээс гадна бүрэн эхээрээ ном зүй мэдээллийн  шинэ ном болон судлаачдад хүрэх юм.

Баярын өдрүүдэд шинэ номуудын нээлт болохоос гадна нэр хүндтэй эрхэм зохиолчидтой биечлэн уулзах, номын чиглэсэн судалгаанд оролцох, эрчүүдэд зориулсан орчноос номоо сонгох, чөлөөт орон зайд кофе цай ууж номын тухай яриа дэлгэн суух тусгай орчинг уншигчдадаа зориулан засахаар болжээ. Мөн “ЛИБРО СУВД агентлаг”-аас орчуулгын номын эрх авах, номын редактор, ном зүйн үйлчилгээ, номын маркетинг хэсгээс хэвлэлийн үнэ бодуулах, шинэ хэвлэх номынхоо цаас материалыг сонгох зэргээр ном бичих хүсэлтэй уншигчдад зориулсан шинэ орон зай нээгдэж байна.

Энэ удаагийн баяраар зохион байгуулагчид эрэгтэй уншигчдад бэлэг барихаар “Эрчүүдэд санаа өгөх 50 ном” нэрлэж, зорин ирсэн эрчүүдийг баярлуулах, санамсаргүй яриа дэлгэн гэнэтийн бэлгүүд барих юм. “Номын ертөнц” сэтгүүлийн энэ удаагийн дугаарын хүндтэй зочноор Боловсролын сайд П.Наранбаяр уригдан, номын тухай, ном унших зөв соёлын тухай, яамнаас бодлогоор хийх ажлынхаа тухай хуваалцана. Тус сэтгүүлийг 5000 хувь хэвлэж, зөвхөн баяраар уншигчдад үнэгүй тараадаг.

Номын баяр нь номын зохиогч, хэвлэн нийтлэгчдээ урамшуулах, дэмжих зорилгоор хаврын баярт “Номын сайн нөхөр” шагналыг,  намрын баярт “Мэргэн ном”-ын эздийг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн “Мэргэн ном” цомын эзнээр хэн тодрохыг баяраар харах нь ээ.

Өнгөрсөн хавраас зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ, гадаадын хэвлэн нийтлэгчдэд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр гадны хэвлэн нийтлэгчидтэй харилцаагаа тэлжээ. Өмнөх баяруудад урилгаар Тайланд, Унгар, Солонгос, Казахстан, Турк зэрэг улсын хэвлэлийн газар, утга зохиолын  агентлагууд оролцож, Монголын хэвлэн нийтлэгчидтэй уулзаж, монгол зохиолчид өөрсдийн бүтээлийг гадаадын хэвлэлийн газруудад санал болгох, номын эрх худалдан авах боломжийг бүрдүүлж өгсөн. Эргээд зохион байгуулагчдыг гадны номын үйл ажиллагаанд урьж, хамтын ажиллагааны түвшин, ном соёлын уур амьсгал ихээхэн өөрчлөгдөх төлөвтэй байна.

Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ, БНПАУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцохоор болжээ.

Номын баярыг 2005 оноос үзэгчдэд хүрч эхэлсэн “Номын ертөнц” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Б.Сувдын санаачилгаар анх 2007 онд ганц хэвлэн нийтлэгчтэй хамтран зохион байгуулж, ердөө 80 гаруй хүн үзэж байсан бол өнгөрсөн хаврын баярт 236 мянга гаруй уншигч зорин иржээ.

Баярын зохион байгуулагч хүүхэд залуустай уулзаж, илүү дотно нөхөрлөх боломж энэ үеэр нээгддэг. Өсвөр насны сурагчдаас бүрддэг “Номын ертөнц” клубт элсэхийг хүссэн 7-12 дугаар ангийн сурагчдад клубийн үүд хаалга энэ өдрүүдэд нээлттэй. Мөн тус клубээс жил бүр зохиодог “Амттай 50 ном” уралдааныг зохион байгуулж, бүтээлч тэмдэглэлээр үзэсгэлэн гаргадаг. Энэ онд зохиогдох уралдаандаа оролцогсдыг бүртгэж, уншлага удирдах календариа ЕБС-ийн номын санч, номын клуб, уншигч сурагчдад түгээн ажиллахаар болжээ.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here