Орон нутгийн хурлын сонгуулийг мажоритар тогтолцоогоор зохион байгуулна

Сонгуулийн ерөнхий хороо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооноос зохион байгуулж буй “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгууль-Олон нийтийг мэдээллээр хангах нь” сэдэвт сургалт өнөөдөр болж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Д.Дэлгэрнаран сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн сонгуулийг Сонгуулийн ерөнхий хороо мэргэжил арга зүйгээр хангаж ажиллана. Орон нутгийн хурлын сонгуулийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо бие даан явуулах болно” хэмээн онцолсон юм. Үүний дараа Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ орон нутгийн хурлын сонгуулийн тогтолцоо, онцлог зохицуулалтын талаар мэдээлэл өглөө. Үүнд,

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг ирэх сарын 11-нд 07-20 цагийн хооронд мажоритар тогтолцоогоор зохион байгуулна.

-Тус сонгуулиар 2230 хэсгийн хороог байгуулж, 2393 тойрогт нэр дэвшигчид 8031 мандатын төлөө өрсөлдөнө. Одоогийн байдлаар 17100 нэр дэвшигч материалаа хүргүүлээд буй.

  • Тус сонгуульд 18 насанд хүрсэн, хоёрдугаар сарын 15-ны өдрөөс өмнө аймаг, нийслэл, сум, дүүрэгт шилжин суурьшсан иргэн тухайн шатны хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй.
  • Есдүгээр сарын 12-ныг дуустал нэр дэвшүүлэх ажиллагаа үргэлжилж, есдүгээр сарын 26-наас сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгүүлсэн бол аль ч шатны сонгуульд өрсөлдөх эрхгүй.
  • Татварын өр төлбөртэй нь тогтоогдвол есдүгээр сарын 16-ны дотор зөрчлөө арилгуулсан байх ёстой.
  • Хяналтын тооллогыг 50 хувьд нь явуулж болно. Гэхдээ тухайн шатны сонгуулийн байгууллага энэхүү босгыг өндөрсгөх эрхтэй.
  • Ирцгүйгээр зохион байгуулах ч сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулахад чухалчилна.
  • Нэр дэвшигчийн санал тэнцсэн тохиолдолд долоо хоногийн хугацаатай нэмэлт санал хураалтыг явуулна.
  • Санал хураах төхөөрөмжийг Сонгуулийн ерөнхий хороо болон бусад байгууллага, ажиглагчдын түвшинд гурван шатны хяналтаар оруулна.
  • Сонгуулийн зохион байгуулалттай холбоотой зөрчлийг Сонгуулийн ерөнхий хороо, бусад зөрчлийг хууль, хяналтын байгууллагад гаргаж шийдвэрлүүлнэ гэсэн мэдээллийг энэ үеэр өгөв.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here