Архангай, Баянхонгор, Ховд, Увс аймаг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөөсөө малчдад өвс, тэжээл хүргэж эхэллээ.
Улсын хэмжээнд 9.1 мянган малчин өрх 4.4 сая толгой малтай отроор өвөлжиж, тэдэнд нийгэм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтны тооллогын урьдчилсан дүнгээр 57,6 сая толгой мал 21 аймаг, нийслэлийн 192,4 мянган малчин өрхөд өвөлжиж байна.
Монгол орны нийт нутгийн 60 орчим хувь цастай байгаагаас Увсын Хяргас, Малчин, Ховд, Завханы Нөмрөг, Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Хүдэрт 22-35 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цас тогтжээ.
Зургаан аймгийн 22 сум цагаан зудын, 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байгааг ХХААХҮЯ мэдээлэв.