Д.Хаянхярваа: У.Хүрэлсүх дэд сайдтай ажиллах байр суурьтай байгаа

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газрын сайдад нэр дэвшигчдийн дэмжиж эцэслэн баталгаажуулснаа мэдэгдлээ.

Тодруулбал,
Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин,
Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар,
Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар,
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж,
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат,
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг,
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ,
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар,
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан,
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг нарыг дэвшүүлэхээр санал нэгдлээ.
Бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүрэлдэхүүний талаарх саналаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөнө. Мөн сайдад нэр дэвшүүлсэн хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг АТГ-т хянуулахаар хандана. Дээрх газруудаас холбогдох хариу ирүүлж, татгалзаагүй тохиолдолд нэн даруй УИХ-д Засгийн газрын асуудлыг өргөн барьж, Байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд өнөөдөр ч сайд нарыг бүрэн томилох боломжтой. МАН хуулийн хугацаандаа багтаж, Засгийн газраа байгуулна. МАН бол улстөрийн том хүчний хувьд цаашид улс эрх ашгийн төлөө нэгдсэн байр суурьтайгаар эдийн засгаа сайжруулахын төлөө тууштай ажиллана” гэв.

Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Засгийн газар дэд сайдтай ажиллах уу?
-Дэд сайдтай ажиллах эсэхийг эцэслэн шийдээгүй. Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайдтай ажиллах байр суурьтай байгаа.
-Шинэ Засгийн газрын гишүүд бүгд “давхар дээл”-тэй байх юм байна. Энэ нь Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд авсан арга хэмжээ гэж ойлгож болох уу?
-Засгийн газарт “Мэргэжлийн”, “мэргэжлийн бус” гэж элдэв нэр өгөх хэрэггүй болов уу. Энэ бол Монгол Улсын Засгийн газар. Ямар ч байсан бид Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар маш нухацтай ярилцсан. Хүчтэй, тогтвортой байлгахын тулд Ерөнхий сайд өөрөө санал гаргаж, нэр бүхий гишүүдийг сайдад нэр дэвшүүлж байна. Нөгөө талаас сайд нар “давхар дээл”-тэй байхыг хориглосон хуулийн ямар нэг заалт байхгүй. Тиймээс дэвшүүлсэн хүмүүсээ бүгдийг нь, эсвэл заримыг нь дэмжихгүй байх асуудал гарахгүй болов уу. Манай намынхан дотооддоо учир зүйгээ олсон. Цаашид хагаралдах зүйлгүй.
-Сайдад нэр дэвшүүлсэн хүмүүст ямар шалгуур тавьсан бэ?
-Энэ талаар нэлээд ярилцсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг намын “эвслийн Засгийн газар байгуулах нь гэх мэтээр бичиж, ярьж байсан. Мэдээж бидэнд тал талаасаа ярилцах шаардлага зүй ёсоор тулгарч байсан. Тиймээс мэдлэг, мэргэжил, дадлага, туршлага, салбарын ажлаа мэдэх, эсэхийг нь харгалзаж сайдад нэр дэвшүүлсэн.
-УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшүүлж байна. Дэд даргад нь хэнийг нэр дэвшүүлэх талаар ярилцсан уу?
-Энэ бол дараагийн асуудал. Томилгоог эцэслэсний дараа үүнийг ярилцаад явна.
-Сайд нарыг цалингүй ажиллуулах шаардлага тавьсан асуудлыг тодруулна уу?
-УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашихаар бол аль нэг албан тушаалын цалинг авдаг. Тэр л зарчмыг баримтална.

1 сэтгэгдэл

Comments are closed.