Дахин санал хураалтад Х.Баттулга, М.Энхболд нар өрсөлдөнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр 22.00 цагт дууслаа. Сонгуулийн урьдчилсан дүн гараад байгаа бөгөөд нэрсийн жагсаалтад багтсан 1 сая 978 мянга 298 сонгогч байгаагаас сонгуулийн ирц 66.54 хувьтай буюу нийт 1 сая 320 мянга 571 иргэн саналаа өгчээ. Гэвч аль ч нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал аваагүй тул нэмэлт санал хураалт явуулах нөхцөл үүсээд байна.

Одоогоор АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517330 саналаар тэргүүлж байгаа бол МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411519 санал, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409777 саналаар удаалж байна.

Хуульд зааснаар нэр дэвшигчдээс хамийн бага санал авсан нь өрсөлдөөнөөс хасагдаж, нэмэлт санал хураалтад эхний хоёр нэр дэвшигч өрсөлдөх юм.

Өөрөөр хэлбэл хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш хоёр долоо хоногийн дотор явуулах бөгөөд нэр дэвшигч Х.Баттулга, М.Энхболд нар өрсөлдөөнөө үргэлжлүүлэх нь тодорхой болоод байна.