Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайхан энэ сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллалаа.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбоотойгоор “Ковид 19” цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй газар дээр нь танилцах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах, заавар чиглэл өгөх зорилгоор аймгийн Онцгой комиссийн бүрэлдэхүүнтэй уулзалт хийв.
Аймгийн зүгээс эм тариа, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн төвүүд болон Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, ЗӨСҮТ-ийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, 7 суманд түргэн тусламжийн машин авах, эрүүл мэндийн салбарт хүний нөөцийг нэмэгдүүлэх, халдвар судлалын ажилтан бэлтгэж сургах шаардлагатай байгааг уламжилсан бөгөөд Шадар сайд боломжийнхоо хэрээр шийдвэрлэж, дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Мөн халдварын шинэ төрлийн вирусийн идэвхжил нэмэгдэж байгаа учраас орон нутаг дотооддоо нөөц боломжоо сайтар дайчилж, онцгой анхаарч ажиллах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн ар гэрээс эм, тариа авахуулахгүй байх, бороо хур элбэг байгаа тул хадлан тэжээлийн ажилд саад бэрхшээл гарч болзошгүйг тооцоолох, малын шүлхий өвчнийг газар авахуулахгүй байх гэхчлэн олон чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм.