Н.Уртнасан: "Андлалын өргөө"-г барихад зарцуулсан 1.9 тэрбумыг улсын төсөвт байршуулсан

Хэнтий аймгийн Батноров суманд баригдаж байсан "Андлалын хөшөө"-г өнөөдөр өглөөнөөс эхлэн нурааж эхэлсэн билээ. Уг бүтээн байгуулалт нь оюуны өмчийн асуудалтай тулгарсан уу, ямар учраас нураах болсон талаар өнөөдөр БОАЖ-ын яамнаас албан ёсоор мэдээлэл өглөө.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хэлэхдээ “Хэнтий аймагт баригдаж буй Андлалын хөшөөг барихаар БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, "Хос санаа" компани гурвалсан гэрээ байгуулсан. Энэ хөшөөний зургийг МУУГЗ Д.Эрдэмбилэг агсан гаргасан. Гэвч барилгын гүйцэтгэлд хяналт тавих боломжгүй болж, хүнд өвчний улмаас нас барсан учраас оюуны өмчийг цуцлах тухай санал ирсэн. Бид шавь нартай нь уулзаж, анхны зураг төслөөр ажил явуулах боломжтой эсэхийг тодруулсан ч харамсалтай нь уран бүтээлч өөрөө хяналт тавьж чадахгүй учраас цуцлах ёстой гэсэн хариу ирсэн.

Нөгөөтээгүүр, энэхүү уран бүтээл дуусаагүй, гадна тохижилт дуусаагүй байхад иргэдийн зүгээс шүүмжилж, сөрөг мэдээлэл гарч эхэлсэн учраас талийгаачийн гэргий болон түүний хүүхдүүд “Хос санаа” компанид хандан оюуны бүтээлийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах санал тавьсан” гэлээ. Өөрөөр хэлбэл, талийгаачийн гэргий н.Ариунаа болон хүүхдүүд нь БОАЖЯ-нд мөн хүсэлт гаргасан бөгөөд тус хүсэлтдээ хөшөөг даруй буулгаж, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байхыг хүсэж байна хэмээжээ.

Нэгэнт зохиогчийн эрхийн асуудалтай тулгарсан учраас "Хос санаа" компани зураг төслийн хүрээнд ажлаа гүйцэтгээгүй хэмээн хариуцлага хүлээж, улсад учруулсан 1.9 тэрбум төгрөгийн хохирлоо бүрэн барагдуулж, өнөөдөр төлбөрөө бүрэн хийжээ. Компанийн зүгээс давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлаас үүдэн улсын төсөвт мөнгөө буцаан төлнө гэдгээ БОАЖЯ-нд мэдэгджээ. Уг хөшөөг буцаан нураах, байгалийг нөхөн сэргээх зардлыг улсын төсвөөс гаргахгүй бөгөөд тухайн компани өөрөө хариуцах, мөн барилгын хог хаягдлыг зайлуулах ажлыг орон нутаг хийж гүйцэтгэхээр болжээ.