Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Др. Сергей Диордицад баяр хүргэв

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица “Алтан гадас” одонгоор шагнуулсан явдалд Эрүүл мэндийн яамны удирдлагын зүгээс баяр хүргэж, түүнийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Монгол Улсын төрийн одонгоор шагнуулсан явдалд Др. Сергей Диордицад баяр хүргэж, түүний манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, ялангуяа монгол хүний эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхийн төлөө идэвхи зүтгэлтэй ажиллаж байгааг тэмдэглэж, түүний цаашдын ажилд өндөр амжилт, сайн сайхныг хүсэв.

Др. Сергей Диордица төрийн одонгоор шагнуулсан явдал маань ДЭМБ-аас сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо, монголчуудын эрүүлийг хамгаалах их үйлсэд оруулсан хүчин чармайлт, хувь нэмрийг үнэлсэний илрэл гэж үзэж байна гээд цаашид ч Монгол Улсын Засгийн газрыг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.