ЗАЛУУСЫН ИДЭВХ ӨНДӨР БАЙНА
Хөвгүүд нь эх орныхоо энхийн манаанд зогсохоор мордож, хүүгээ үдэж буй аав ээжүүд бахархан омогших торгон мөч хүний амьдралд ганц л тохионо. Орон даяар хоёрдугаар ээлжийн цэрэг татлага үргэлжилж буй эл өдрүүдэд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа болон албаны бусад хүмүүс цэрэг татлага явагдаж буй ерөнхий боловсролын 31, 14 дүгээр сургууль дээр ажиллалаа.
Эрүүл мэндийн үзлэгт орж буй залуусын халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, урьдчилан сэргийлэх талаар Цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүн ихээхэн анхаарч байгаа бөгөөд цэргийн албанд тэнцсэн залуусыг эрүүл мэндийн долоон төрлийн шинжилгээнд хамруулж байгаа аж. Энэ удаагийн цэрэг татлагаар Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад хуваарилагдсан залуусыг төв дамжинд цуглуулахгүй шууд ангид нь хүргэхээр зохицуулалт хийжээ.
Цэргийн зарлан дуудах хуудас авсан залуусын идэвх сайн байгаа хэдий ч эрүүл мэндийн шалтгаанаар хасагдах нь өмнөх жилүүдээс харьцангуй их байгаад цар тахлын нөхцөл байдал ч нөлөөлж байгааг цэрэг татлагын товчооныхон хэлж байлаа.Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай цэргийн албанд мордож буй залуус болон тэдний эцэг эх, гэр бүлийн төлөөллийн санал сэтгэгдлийг сонсохын сацуу цаашид цэрэгт татагдах насны залуусын эрүүл мэндэд анхаарч, үе шаттай үйл ажиллагааг өрнүүлэх, цэргийн албыг сурталчлах, залуусыг цэрэг татлагад идэвхтэй хамруулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон юм.
Түүнчлэн цэргийн анги руу тээвэрлэхдээ техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангахыг холбогдох хүмүүст үүрэг болгож ажиллахыг онцлон анхааруулсан юм.Ташрамд сануулахад хугацаат цэргийн зарлан дуудах хуудас хүлээж авсан залуус иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, их, дээд сургууль төгссөн бол диплом зэрэг баримт бичгээ биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй. Цэрэг татлага энэ сарын 22-ны өдрийг дуустал үргэлжилнэ.