"Нэгдүгээр тойрог зам" төсөл хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгалыг сааруулна

“Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр нийслэл орчмын бүс нутгийн авто замын сүлжээг нэгтгэх стратегийн ач холбогдолтой юм. Тус зам нь Дархан-Уул аймаг чиглэлийн авто зам, Налайх-Чойр чиглэлийн зам, Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал руу чиглэсэн хурдны авто замтай холбогдоно.

НЗДТГ-ын мэдээлснээр хотын төвөөр дамжин өнгөрдөг транзит тээврийн урсгал саарч, орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлийн гудамжаар дамжин өнгөрөхдөө түгжрэл үүсгэдэг байдал буурах, замын хөдөлгөөний ачаалал, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм.

Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо сүүлийн 10 жилийн хугацаанд 80 орчим хувиар өссөн ч, авто замын сүлжээ 19 хувиар тэлсэн нь замын хөдөлгөөний эрэлт, даацын тэнцвэр алдагдахад хүргээд байна. Үүний улмаас хотын замын сүлжээ ачааллаа бүрэн даах боломжгүй болж, оргил цагийн үеийн дундаж хурд 7-13 км/цагт хүрч буурчээ.

Замын  түгжрэл нь иргэдийн цаг хугацаа, эдийн засгаас гадна байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, агаарын бохирдлыг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болж буйг холбогдох судалгаануудаас харж болно. Тухайлбал, агаарын бохирдлын 10 хувь нь Улаанбаатар хотын автомашинаас үүдэлтэй юм. Хөдөлгөөний удаашрал, тээврийн хэрэгслийн хоосон асалт нь хорт хий, тоосонцрын ялгарлыг нэмэгдүүлдэг байна. Иймд энэхүү асуудлыг системтэй, урт хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэх юм. 

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here