Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

НЗДТГ-ын мэдээлснээр, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх шилжүүлсэн төсөл, үйл ажиллагааны талаар хэлэлцэв. Энэ үеэр НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах “Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалт нь нийслэлийн төсөв, нийслэлийн замын сан, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сан гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж байна. 2026 онд шинээр 207 төсөл, үйл ажиллагаа, шилжих 80 төсөл,  үйл ажиллагаа хэрэгжүүлнэ” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн 2026 оны төсвөөр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлж, гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулах юм. Улаанбаатар хотын холбоос замыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн чиглэл, бодлогыг хэрэгжүүлэх ажээ. 

Мөн иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг болон цахим санал асуулгаар гудамж талбайн камержуулалт, нийтийн эзэмшлийн талбайд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, тохижилт шинэчлэн засварлах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт шаардлагатай засвар тохижилт, өрхийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийг сайжруулах, үерийн болон гадаргын ус зайлуулах шугам, хоолой, хог ангилан ялгах сав байршуулах, явган хүний зам талбай засварлах, авто машины зогсоол байгуулах, нийтийн эзэмшлийн орон сууцны фасад, дээвэр засварлах зэрэг санал, хүсэлтийг тавьжээ. Эдгээр санал, хүсэлтэд үндэслэн нийслэлийн 2026 оны төсвийг батлуулсан байна.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here