Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа билээ.

Энэхүү бүтээн байгуулалт дөрвөн багц ажлаас бүрдэн хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар төслийн явц 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн түүхий тос дамжуулах хоолойн төслийн нийт гүйцэтгэл 90 хувьтай явааг тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулав. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу тус үйлдвэр 2028 онд ашиглалтад орох ч Засгийн газар болон АҮЭБЯ бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлсний үндсэн нэг жилийн наана хүлээн авахаар төлөвлөжээ.

Энэ талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хэлэхдээ “Шатахуун, газрын тосны бүтээгдэхүүний хямралын үед бид 95 хувь ОХУ-аас, БНХАУ-аас 5 хувийн хамааралтай буюу энэ салбар 100 хувь гаднаас хамааралтай байна. Эндээс гарах гарц бол дотоодын нефтийн үйлдвэр. Үндсэндээ таны голлон зүтгэж, миний бодлогоор дэмжиж буй ажил дуусаж байж манай улс шатахууны нийт хэрэглээнийхээ 50 хувийг хангадаг болно. Одоо бидний гол ажил бол түүхий эдийн асуудал. Үүнийг манай яам ярилцаж байна. Удахгүй “Петрочайна”-тай хэлэлцээр хийгээд ойрын үед шийдэл гаргах байх” гэв.

Өнөөдрийн байдлаар анхдагч технологийн байгууламжуудын шугам хоолойн эстакад, атмосферийн болон вакуум нэрлэгийн байгууламжуудын технологийн зуухны суурийн бетон цутгалтын ажлууд дууссан байна. Харин дагалдах, туслах, хангамжийн байгууламжуудын шугам хоолойн эстакад, дэд станцууд, хяналтын болон серверийн зориулалттай барилгын угсралтын ажил үргэлжилж байгаа аж. Үүнээс гадна агуулах сав парк, шугам хоолойн эстакад, дэд станцын барилга угсралт, үйлдвэрийн ДЦС-ын удирдлага болон дэд станцын барилгын суурийн цутгалтыг хийж, үндсэн бүтээцийн ажил дуусах шатандаа явааг албаныхан мэдээлэлдээ дурдлаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмжүүдийн дийлэнхийг Энэтхэгийн 20 шахам компанид үйлдвэрлэж байгаа аж. 

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here