Ё.Басхүү Нидерландын Гран при-д түрүүлж, алтан медаль хүртлээ

Нидерланд улсын Гааг хотноо болж байгаа Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны “The Hague Grand Prix 2017, Netherlands” тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д манай жүдоч Ё.Басхүү аваргын алтан медаль хүртлээ.

Энэ удаагийн тэмцээнд 43 орны 231 бөх барилдаж байгаагаас манай улсаас 10 жүдоч хүч үзэж байна. Ё.Басхүүгийн хувьд финалын барилдаанд ОХУ-ын Шамилов Якубыг цаг дуусахад 1 минут 13 секунд дутуу байхад даралтанд оруулж, цэвэр яллаа.

Тэрбээр эхний тойрогт хийлж, Испани, Нидерландын бөхчүүдийг ялж, С хэсгийн аваргаар тодорсон. Улмаар Ираны бөх Н.Гассем, ОХУ-ын Ш.Якубыг дараалан цэвэр ялж, “Гаагийн Гран при”-гийн аварга болов.

Энэ жингийн хүрэл медалиудыг ОХУ-ын Хаметов Ислам, Испанийн Мартин Алберто нар хүртлээ. Тус жинд нийт 12 орны 22 жүдоч хүчээ сорьсон.

Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин, залуу жүдоч Б.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 52 кг-д жин өгсөж барилдсан гавьяат тамирчин М.Уранцэцэг нар хүрэл медалийн эзэд болов. Эхний өдөр манай таван тамирчин татамид гарснаас нэг алт, гурван хүрэл медаль хүртэж медаль хүртсэн орнуудыг тэргүүлж эхэллээ.

Дэлхийн аварга М.Уранцэцэг эхний барилдаанд ОХУ-ын Ч.Софиаг ялсан ч Косовогийн К.Дистриад дийлдэж дагах барилдаанд Их Британи улсын Чэлсэг ялсан юм. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын бөх Куцэнко Агулыг ялжээ.

Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73, 81 кг, эмэгтэйчүүдийн 63, 70 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодрох бөгөөд Гран при тэмцээн ням гарагт өндөрлөнө.