2018 оны нэгдүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх хууль, журмуудаас тоймлон танилцуулж байна. Тодруулбал Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хийсэн гэрээний дагуу өнөөдрөөс эхлэн хэд хэдэн төрлийн татвар, шимтгэл нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг дагаад шатахууны үнэ болоод өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байна.
Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болголоо
Хувь хүний орлогын албан татварын тухай цалин, түүнтэй адилтгах орлогод татварын хэмжээг дөрвөн шатлалтай болгож, цалингийн хэмжээ их байх тусам татвар авах хэмжээ нэмэгдэх болж байна. Харин сард 1.5 сая төгрөг хүртэлх цалин авдаг ажилтнаас суутгах татварт өөрчлөлт орохгүй бөгөөд хуучнаар буюу 10 хувь тооцох юм. Тодруулбал:
-1.5 сая төгрөг эсвэл түүнээс бага бол 10%
-1.5-2.5 сая төгрөгийн хооронд бол 15%
-2.5-3.5 сая төгрөгийн хооронд бол 20%
-3.5 сая төгрөг эсвэл түүнээс дээш бол 25%-ийн татвар төлнө
Үүнээс гадна Монголд түр хугацаагаар амьдарч буй, Монгол Улсаас орлого олж буй гадаадын иргэдээс авдаг хувь хүний орлогын албан татвар хуучин 10 хувь байсан бол 20 хувь болж нэмэгдсэн.
Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдлээ
Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар ажилтнаас нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг хувь хэмжээг нэг хувь нэмэгдүүлж 11 хувь болгож байна. Хуульд тусгаснаар НДШ 2018 онд 11.0 хувь, 2019 онд 11.5 хувь, 2020 онд 12.5 хувь байх юм. Мөн ажил олгогчоос төлөх НДШ 1 хувиар нэмэгдлээ. Мөн өнөөдрөөс тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагчийн цалингаас 1 хувиар нэмэгдүүлж 8 хувь болгож байна. Шимтгэлийн хувь 7 байсан бол 2018 онд тус бүр 8 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байхаар хуульчилсан.
Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар нэмэгдэв
Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг өнгөрөгч оны долдугаар сараас нэмэх байсан ч хугацааг хойшлуулж 2018 оны 01-р сарын 01 өдрөөс хэрэгжүүлэхээр болсон. Татвар нэмэгдэхээр дагаад жижиглэнгийн үнэ өсөөд, 2018 оны эхний өдрөөс шатахуун литр тутмдаа 100 төгрөгөөр нэмэгдээд байна.
Архи тамхины онцгой албан татвар 10 хувиар нэмэгдлээ
Импортын тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварууд өнөөдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдэж байна. Харин 2019 онд 5 хувиар, 2020 онд 5 хувиар тус тус нэмэх юм.
Hohi nee myy uher mongolchuud darluulaad bj bhdaa taarsan atsnuud