“Эмоци” продакшны 10 жилийн ойд зориулан бүтээсэн “Баян боол” уран сайхны кино нээлтийн гурав хоногтоо энэ оны шинэ дээд амжилт тогтоожээ.
Тус кино бүх кинотеатраар энэ сарын 3-наас гарч, үзэгчдийн хүртээл болсон юм. Энэ онд болон өнгөрсөн онд кинотеатрын зах зээлд борлуулалтаараа тэргүүлсэн “Ноён эмэгтэй” /18 707/, “Хэрмэл жүжигчид” /18 301/ киноны амжилтыг “Баян боол” кино давжээ. Эхний гурван өдөр "Баян боол" уран сайхны киног 27 894 үзэгч үзэж, үзэгчдийн тоогоороо Монголын кино зах зээлийн салбарт нэгэн цоо шинэ түүхийг бүтээж, хамгийн эрэлттэй киногоор тодроод байна.
”Баян боол” кинонд “Эмоци” продакшн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсоноос гадна бусад уран бүтээлч урилгаар тоглосон байна. Энэ бүтээлээрээ орчин үеийн залуусын байр байдал, хэв маягийг өнгөрсөн үетэй холбож, залуучуудад ухаарал өгөхийг зорьжээ.