БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт метр болон Сонсголонгийн 289,4у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн Баянзүрхийн 321у/м гүүрийн шав тавих ёслол боллоо.
Шинээр барихаар төлөвлөж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3,4 км авто замд Туул гол дээр байрлах юм. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний менежментийг сайжруулахад 1960-86 оны үед баригдаж, 40-өөс дээш жил болсон гүүрүүдийг засварлан шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Тиймээс БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 4 том төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс Яармагийн хуучин гүүрийг сэргээн засварлах болон шинээр барих төсөл, мөн Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын ажил эхлээд явж байна.
Өнөөдөр 3 дахь төслийн Туул гол дээгүүр барих Баянзүрхийн 321 урт метр гүүрийн шавыг тавьлаа. Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлхи авто зам нь1963, 1965 онуудад БНМАУ болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд баригдсан бөгөөд 50-аас дээш жил болж, ашиглалтын шаардлага хангахаа больсон тул Налайхын авто замын техник ашиглалтын түвшинг нэмэгдүүлж, нэг чиглэлдээ 2 эгнээ болгон өргөтгөхөөр төлөвлөн энэ жил ажлыг нь эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Тиймээс тус замын хөдөлгөөний аюулгүй байдлыг уялдуулах үүднээс Туул гол дээрхи Баянзүрхийн гүүрийг 4 эгнээ, дугуйн болон явган замтай барихаар төлөвлөж байна.
Гүүрийг шинээр барьснаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, аюулгүй байдлыг сайжруулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг хангах эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх гүүрийн төслийн ажлыг Бээжин Юни-Констракшн групп компани гүйцэтгэх бөгөөд захиалагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар ажиллаж байна. Төслийн ажил 2 жил үргэлжилнэ. Баянзүрхийн 321 у/м гүүрийн шавыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн Б.Батзориг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хай Мин, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон албаны бусад хүмүүс тавьлаа.