АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай, АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар татварын нэмэгдэл, эдийн засгийн өнөөгийн байдал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, Чингис бондтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын ЕНБД Ц.Туваан: МАН мөрийн хөтөлбөртөө шинээр татвар бий болгож, нэмэхгүй хэмээн амлаж, УИХ-д 65 суудал авсан. Гэтэл одоо ОУВС-гийн шаардлага гэдгээр халхавчилж есөн төрлийн татвар нэмсэн нь иргэдийн амьдралд хүнд тусаж байна. Энэ сарын 3-нд УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шийдвэрээ эргэн харахыг сануулж, шаардлага хүргүүлсэн. АН УИХ дахь бүлгийнхээ шийдвэрийг бүрэн дэмжинэ.
2011-2012 онд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 11 орчим тэрбум ам.доллар байснаа 2014 онд нэг тэрбум ам.долларт ч хүрэхгүй болтлоо буурсан. Тухайн үед эдийн засгийн хүндэрлийг АН дотоод зардлаа хэмнэж, яамны сайд, дарга нарын зардлыг танаж болон бусад эх үүсвэрээс санхүүжилт босгосон шийдэж байв. Түүнээс иргэдийн нуруунд ачаагаа тохож, халаасыг нь уудалж байсангүй. Бид эрх баригчдын эл шийдвэрийг тооцоо судалгаа муутай болсон хэмээн үзэж байна.
Иргэдийн хадгаламжийн хүүгээс авах татварт хүүхдийн мөнгөний хуримтлал өртөж, автомашины онцгой албан татварыг нэмснээр нэг автомашинд ноогдох үнэ 5 орчим сая төгрөгөөр нэмэгдлээ. Мөн татвараас шалтгаалан шатахуун литр тутамдаа 50-150 төгрөгөөр нэмэгдэж, инфляц өсөх нөхцөл бүрдэж байна. Үүнээс гадна 1.5 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай иргэдээс шаталсан хэлбэрээр татвар авч байгаа нь дундаж давхаргаа дээрэмдэж буй хэрэг юм.
Тиймээс АН татварын нэмэгдлийг эргэн харж, УИХ-аар хэлэлцэж, цуцлахыг шаардаж байна. Бид сөрөг хүчний хувьд өнгөрсөн оны хавраас буруу шийдвэрийг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлж өнөөг хүрсэн.
АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай: МАН Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр зөвлөлдөх уулзалт хийсэн гэж байгаа. Харамсалтай нь орон нутгийн МАН-ын нөхдүүд, засаг захиргааны нэгжийн удирдлага, төрийн албан хаагчид зөвлөлдөх нэртэй уулзалт зохион байгуулсан. Үндсэн хууль бол нийгмийн, нийт иргэдийн тулгуур баримт бичиг. МАН 2016 оны сонгуульд нийт иргэдийн 40 гаруй хувийн санал авсан. Тэгэхээр нийгмийн олонхыг бүрдүүлж чадахгүй. Ардчилсан нийгэмд Үндсэн хуулийг өөрчлөхдөө ард нийтээр санал асуулга явуулдаг юм.
Ард нийтийн санал асуулгын тухай хууль байдаг ч өнөөг хүртэл хэрэглэж байсангүй. Тиймээс АН “Үндсэн хуулийг өөрчлөх зүй ёсны шаардлага бий. Гэхдээ ард нийтийн санал асуулга явуулъя” гэсэн байр сууриа илэрхийлж байна. Түүнээс МАН-ын гишүүд, төрийн албан хаагчдын зохион байгуулсан зөвлөлдөх нэртэй уулзалтыг үндэслэн Үндсэн хуулийг өөрчилж болохгүй. МАН-ын 65 гишүүн өнгөрсөн хугацаанд ёс суртахуун, эх орноо гэсэн чин сэтгэлээ хангалттай харуулсан. Ийм ёс зүйгүй, увайгүй эрх баригчдаар Үндсэн хуульд өөрчлөлт хийлгэхгүй.
АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд: МАН өнгөрсөн хугацаанд 2.4 их наяд төгрөг босгосон. Гэтэл энэ мөнгөөр юу хийв, юунд зарцуулав гэдэг тодорхойгүй байна. Өөрсдийн байгуулсан Засгийн газрын танхимаа огцруулж, хангалтгүй ажиллаж байгаагаа харуулсан. Тэд Чингис бондыг нийгэмд буруу ойлгуулах гэж хичээж байна. Гэтэл Чингис бондоор 1660 гаруй төслийг санхүүжүүлж, 60 мянга орчим иргэнийг ажлын байртай болгож, автозам, дэд бүтцийн төслүүдэд 1.4 их наяд төгрөг олгож, аймгийн төвүүдийг нийслэлтэй холбосон юм.
Гурван жилийн дотор 2284 км зам тавьж, гудамж төслөөр 33 уулзварыг шинэчилэн, Боинг 767 онгоцтой болж, Буянт-Ухаа хорооллыг байгуулан 260 орчим мянган иргэнээ орон сууцтай болсон. Энэ бол бодит үр дүн, бодит ажил байсан. Харин өнөөгийн эрх баригчид босгосон мөнгөөрөө юу хийв. Үр ашигтай, тооцоонд суурилсан бодлого харагдахгүй байна.