Сургуулийн өмнөх боловсролын салбарынхан "ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ" уриан дор энэ сарын 08, 09-ний өдрүүдэд зөвлөлдөнө. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй энэхүү зөвлөгөөнд СӨБ-ын салбарын багш, ажилтан, судлаач, хүүхэд хамгаалал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг өргөн хүрээний төлөөлөл бүхий 1000 орчим хүн оролцож байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1400 гаруй цэцэрлэгт 256720 хүүхэд хамрагдаж, 27 мянга гаруй багш ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар 2019 он гэхэд 129 цэцэрлэг, дөрвөн сургууль, цэцэрлэгийн цогцолбор шинээр барьснаар хүртээмжийн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ. Улмаар эцэг, эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт оруулах гэж танилын нүүр царайчилдаг, сугалаанд азаа сорьдог, хонон, өнжин дугаарладаг явдал бүрмөсөн үгүй болох юм.
Анх удаа үндэсний хэмжээнд зөвлөгөөн зохион байгуулж байгаа нь салбарынхаа алдаа, оноог шүүн, хэлэлцэж, системээ бүхэлд нь тольдох боломж олгож байгаагаараа ихээхэн онцлог. Зөвлөгөөнийг нээж, УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үг хэлсэн юм. Тэрбээр "Нэн тэргүүнд хүртээмжийн асуудлыг шийдвэрлэж, цаашид сургалтын хөтөлбөр, агуулга, стандарт, багшийн хөгжил, ажлын ачааллыг тэнцвэртэй хуваарилах зэрэгт анхаарлаа хандуулж, системтэй ажиллахаар төлөвлөж байна.
Монгол Улсын үнэт зүйл бол МОНГОЛ ХҮҮХЭД-МОНГОЛ ХҮН. Тиймээс ч бодлогыг зөвхөн дарга нар ярьдаггүй, нийгмийгн хөдөлгөгч хүч болсон багш нар ч ярьдаг, хэрэгжүүлдэг байх нь чухал" хэмээн онцоллоо.