Тэтгэвэрт гарах насыг 65 хүртэл үе шаттайгаар нэмэх, 1.5 сая болон түүнээс дээш цалинтай иргэдийн Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 15-25 хувь болгохыг эсэрцгүүцэж МҮЭХ-ноос Сүхбаатарын талбайд 12.00-14.00 цагт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав.
Жагсаалд МҮЭХ-ны уул уурхай, барилга, эрүүл мэнд, боловсролын зэрэг 22 салбар хорооны гишүүд оролцов. Энэхүү жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлж Олон Улсын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо (ОУҮЭХ)-ны Ази Номхон Далайн байгууллагаас илгээлт ирүүлсэн байна.
Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед татвар нэмэх замаар иргэдийн нуруун дээрх ачааг улам бүр хүндрүүлэх шийдвэрээ Монгол Улсын Засгийн газар эргэн харах шаардлагатай гэдгийг тус илгээлтэд дурьдсан байна. Мөн уг жагсаалыг үр дүнд хүрч, иргэдийн эрх ашгийг хамгаалахад томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа дурьджээ.
Энэхүү жагсаалыг МҮЭХ-ны салбар хороодоос 21 аймгийн төвд мөн зохион байгуулж байгаа юм.