Шатахууны үнэ нэмэгдээгүй

Өнөөдөр нефть импортлогчдын холбооны гишүүн болох “Ник” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат, “Петровис” компанийн Маркетингийн албаны дарга Д.Батпүрэв нар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэд өнөөдрийн байдлаар шатахууны үнэ нэмэгдээгүй. Манай салбаруудын хувьд хомсдол үүссэн асуудал алга. Иргэдийн хэрэглээний АИ-92, дизель түлшний үнэд өөрчлөлт ороогүй.

Харин АИ-95, 98 зэрэг тансаг хэрэглээний гэх шатахууны үнэд бага зэргийн өөрчлөлт орсон. Ер нь бол цаашдаа үнэ нэмэгдэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл, дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ өсч байна. Мөн Онцгой албан татвар нэмэгдсэн. Энэ асуудал өнгөрсөн долдугаар сараас хойш л үүссэн. Гэсэн ч бид тухай бүр нь Засгийн газарт асуудлыг тавьж, бид 275-300 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна шүү гэдгийг сануулж, Үнийн зөвлөлийг хуралдуулахыг шаардаж эхэлсэн.

Гэтэл Засгийн газар хүлээж бай. Тун удахгүй гэх мэтээр он гартал хүлээлгэсэн. Тиймээс бид аргагүй байдалд ороод байна. Гэхдээ нийгмийн хариуцлагын үүднээс үнээ өнөөдрийг хүртэл нэмээгүй. Зах зээлд үнэ өсөх нь гэсэн хүлээлт бий болж эхэлсэн учраас иргэдийн худалдан авалт ихэссэн. Тэр утгаараа зарим газруудад өдрийн борлуулалт ихэсч, тухайн өдрийн нөөц дуусдаг. Мэдээж өдрөөр том оврын автомашин явуулах боломжгүй учраас бид шөнөдөө тээвэрлэлт хийж нөөцөө гүйцээдэг” гэв. Мөн Засгийн газрын дэргэдэх үнийн зөвлөл өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-наас эхлэн гурван ч удаа ирцээ бүрдүүлж чадахгүй хурлаа хойшлуулсан.

Эцэст нь нэгдүгээр сарын 09-нд хуралдсан ч мөн л судлах ёстой гэсэн асуудлыг тавиад асуудлыг хойшлуулсан гэв. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ хямдрахад үнээ буулгаагүй байж, яагаад нэмэгдэхээр үнээ нэмж байгааг тодруулсан сэтгүүлчийн асуултад тэд “Бид шатахууны үнэ дэлхийн зах зээлд хямдарч байхад 100 төгрөгөөр бууруулж байсан. Өнөөдөр давхар давхар үнийн өсөлт байгаа учраас маш их алдагдалтай байна. Засгийн газар Онцгой албан татварыг нэмсэн. Мөн дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ 30 орчим хувиар нэмэгдсэн. Энэ мэт шалтгаан давхцаж байгаа учраас аргагүй байдалд орсон” хэмээлээ. Мөн Засгийн газар Онцгой албан татварын нэмэгдлээ хойшлуулвал үнэд тийм ч ноцтой өөрчлөлт орохгүй гэсэн юм.

Мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

 - ШТС-иуд АИ-92 бензин олгохгүй, засвартай гэсэн тайлбар өгсөн.  Энэ талаар тайлбар өгөөч?

 -Гурван ШТС-д жилийн урсгал засвар хийгдэж байгаа. АИ-92 зарим дээр нь дуусч байгаа. Энэ нь гэхдээ хязгаарлалт хийснээс болоогүй. Өдрийн авсан шатахуун дуусчихдаг. Гэтэл агуулахаас хүргэх гэхээр өдрийн цагаар том оврын автомашин явуулж болохгүй гэдэг учраас тээвэрлэлт хийх боломжгүй. Тэгээд шөнө болохыг хүлээдэг. Маргааш нь хэвийн түгээлт хийгээд явж байгаа. Өнгөрсөн долоо хоногт шатахууны 30 гаруй хоногийн нөөцтэй байсан. Амралтын өдрүүдээр борлуулалт огцом нэмэгдсэн байгаа. Бид нийгмийн хариуцлагаа үүрч, түгээлтээ хэвийн хийж байна.

-Зарим нь үнээ нэмж байгаа гэдэг нь бодит мэдээлэл мөн үү. Үнийн зөвлөлд та бүхэн ямар шаардлага тавьсан бэ?

-Өргөн хэрэглээний А-92, А-80, дизель түлш зэрэг шатахууны үнэ нэмэгдээгүй, А-95, 98 зэрэг шатахуун буюу тансаг хэрэглээний шатахууны үнэд 110-150 төгрөгийн өөрчлөлт оруулсан. Энэ нь алдагдалгүй түвшинд хүрсэн нэмэгдэл биш гэдгийг хэлмээр байна. Бид олон удаа зөвлөл хуралдуулахыг шаардсан. Гэвч тухай бүр нь үнээ нэмэхгүй барьж бай гэж хэлсэн. Тиймээс бид хүлээцтэй хандаж ирсэн. 300 төгрөгийн алдагдал хүлээж байсан ч үнээ нэмэхгүй өнөөдрийг хүртэл хүлээцтэй явж ирлээ. Гурван ч удаа хуралдах тов гараад ирц бүрдээгүй. Хамгийн сүүлд хуралдсан ч судлах ёстой гээд шийдвэр гараагүй тарсан. 14 хоногийн дараа шийд гарна гэдгийг Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл хэлсэн.

-Та бүхэн өмнө нь үнэ бууж байхад буулгаж байгаагүй. Гэтэл одоо нэмлээ гээд нэмэх нь хэр зохистой вэ. Арай шударга биш санагдахгүй байна уу?

-Шатахууны үнийн 76 хувь нь импортын үнэ, онцгой албан татвар 23 хувь, нэг хувь нь компаниуд үйл ажиллагааны зардал эзэлдэг. Олон улсын зах зээл дээр үнэ буухад дотоодын зах зээлд мэдрэмжгүй ханддаг гэдэг шүүмжлэл байдаг. Монгол Улсын шатахууны үнийн зохицуулалттай холбоотой. 2015 онд олон улсын зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ буурч байхад дотоодын импортлогчид нэг литр тутамд 100 төгрөгөөр бууруулж байсан. Бууруулах боломж байдаг ч онцгой албан татвар нэмэгдчихдэг. Ер нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурахад Засгийн газар онцгой албан татвараа нэмж төсвийн орлогоо бүрдүүлэх байдлаар олон жил явж ирлээ. Одоо ч дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ эрчимтэй нэмэгдэж байна.

Б.Эрхэс