УИХ дахь МАН бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн мэдээлэл болон шатахууны үнэ ханш, хангамжийн талаар авч хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн Дэд дарга Я.Содбаатар, Б.Саранчимэг нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсгээс өнгөрсөн долоо хоногт агаарын бохирдлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар долоон заалт бүхий УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан. Утаатай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд хийсэн тодорхой ажлуудыг багцалж, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон холбогдох төрийн байгууллагаас саналыг нь авч цогц байдлаар энэхүү тогтоолын төслийг боловсруулсан гэдгээрээ онцлогтой. Уг тогтоолын төслөөр намрын чуулганаас өмнө утааг бууруулах зарим ажлыг Засгийн газар болон холбогдох байгууллагууд УИХ-д эргэж танилцуулах, холбогдох эрх зүйн зохицуулалтуудыг боловсронгуй болгох үүрэг өглөө. Бүлгийн Дэд дарга Я.Содбаатар хэлэхдээ “Дунд болон урт хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар тодорхой шийдлүүд орсон.Төрийн захиргааны байгууллагын хоорондын уялдаа хангасан, шийдвэр гаргахад нөлөөлөхүйц тогтоол гарсан” гэлээ.
Түүнчлэн Нийслэлийн захиргаанаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн байна. Утааг бууруулахад дулаан, газ, орон сууцны асуудлыг авч үзэх нь хангалтгүй. Нийслэл, орон нутгийн оршин суугчдыг орон сууцжуулах, дагуул хот бий болгох, гэр хорооллын дахин төлөвлөлт хийх, хийн хэрэглээнд шилжих, захиргааны шийдлүүд болох шилжилт хөдөлгөөн хязгаарлах, стандарт мөрдүүлэх,түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах зэргээр цогцоор нь авч үзэх хэрэгтэй хэмээн үзэж буйгаа Я.Содбаатар хэллээ.
Тэрбээр цааш нь ярихдаа “Нефть бүтээгдэхүүний хангамж дуусаагүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 41 хоногийн шатахууны нөөцтэй байна.Тиймээс шатахууны зохиомол хомсдол үүсгэж байгаа асуудлыг холбогдох байгууллага шалгаж, захиргааны арга хэмжээ авахыг үүрэг болголоо. Сүүлийн саруудад дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсч байна. Олон улсын валютын сантай хэрэгжүүлж буй өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд Онцгой албан татвар нэмэгдсэн. Өмнө нь нефтийн ханш өсөх үед авч хэрэгжүүлж байсан арга хэмжээ хуулиар хязгаарлагдсан. Үнэ ханшийн асуудлыг судалж яаралтай арга хэмжээ авахыг Засгийн газар, Монголбанкинд үүрэг чиглэл болголоо.Олон улсын валютын сантай байгуулсан өргөтгөсөн санхүүжилтийн хүрээнд татвартай холбоотой асуудлыг эргэж ярина. Гэхдээ эцсийн шийд гараагүй байна” гэв.
Бүлгийн мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн Дэд дарга Я.Содбаатар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Шатахуун импортлогчдын зүгээс дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөнтэй холбоотойгоор 300 төгрөгийн алдагдал хүлээж байна гэж тайлбарлаж байгаа. Энэ яг бодитой юу?
-Нэгдүгээрт, зохиомол хомсдол үүсгэж байгаатай холбоотой асуудлыг өнөөдөр зохих байгууллагад шалгах чиглэлийг өгсөн. Ер нь Монгол Улсад шатахууны хомсдол үүсээгүй гэж холбогдох байгууллага хэлж байна. Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийн дүгнэлтийн дараа үнэ ханшийн асуудалд байр сууриа илэрхийлнэ. Ажлын хэсэг судалж үзэхэд дэлхийн зах зээлд өнгөрсөн онд нэг баррель нефть 46.5 ам.доллар байсан бол өнөөдөр 69 ам.доллар боллоо.
Үүнтэй холбоотой манай хилийн үнэ ханшид өөрчлөлт орж байгаа. Хоёрдугаарт, дээр хэлсэнчлэн онцгой албан татвартай холбоотой. Өмнө нь үнэ өсөх үед татварын уян хатан бодлого баримталж байсан. Гэтэл одоо ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орсонтой холбоотойгоор энэ эрх хаагдсан. УИХ-ын гишүүдийн зүгээс иргэдийн нуруун дээр ирэх ачааг аль болох бага байх арга хэмжээ авах байр суурийг илэрхийлсэн.
-Нефть боловсруулах үйлдвэр барих талаар бүлгийн хуралдаанаар ярьсан уу?
-Бүлгийн гишүүдийн зүгээс нефть боловсруулах үйлдвэр барих асуудлыг шуурхайлах саналаа Засгийн газарт тавьсан. Энэтхэг улсаас авах нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр уг үйлдвэр байгуулах чиглэлээр өмнөх хийгээд энэ Засгийн газрын үед тодорхой ажлууд хийж байгаа.