Хүйтний улирал эхэлснээс хойш Засгийн газар болон Дэлхийн банкны санхүүжилтээр нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон амаржих газруудын Хүүхдийн тасагт нийт 430 ширхэг агаар цэвэршүүлэгч нийлүүлсэн талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэв.
Жил бүрийн 10 дугаар сараас дараа жилийн 3 дугаар сар хүртэлх хугацаанд иргэдийн дунд томуу, томуу төст өвчлөл эрс нэмэгддэг. Тиймээс Нийслэлийн Засаг дарга дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгуудыг агаар цэвэршүүлэгчээр хангах захирамж гаргасан.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас нийт 230 агаар цэвэршүүлэгчийг эмнэлгүүдэд тараасан байна. Харин Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн шугамаар 200 ширхэг агаар цэвэршүүлэгчийг байрлуулжээ. Тус сангаас дахин 365 агаар цэвэршүүлэгч тараахаар төлөвлөсөн байна.
Агаар цэвэршүүлэгч нь хүүхдийн кабинет, тасгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулж, улмаар амьсгалын замын хурц халдвар, үүнд томуу, томуу төст өвчний улмаас үзүүлж, хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн эдгэрэлт, дахин халдвар авахаас сэргийлэхэд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм.