ОХУ-ын “RA-2099G” бүртгэлийн дугаартай “TBC-2MC” маягийн хөнгөн онгоц Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд үзүүлэх нислэг үйлдэх гэж байгаад зурвасаас гарсан хэмээн албаныхан мэдэгдлээ.
Тодруулбал, Чингис хаан Олон улсын нисэх буудлын зурваст гүйлт хийх үедээ тодорхойгүй шалтгаанаар зурвасаас гарч далавч, дугуйндаа гэмтэл авсан хэмээн Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албанаас мэдээлж байна.
ОХУ-ын нисгэгчтэй экипаж, Ерөнхий зориулалтын агаарын тээврийн тасгийн ажилтнууд тус агаарын хөлөгт үзүүлэх нислэгийн бэлтгэл хангаж ажиллаж байжээ. Онгоц зурвасаас гарах үед хүн бэртэж гэмтээгүй аж.
Зурвасаас онгоц гарсан шалтгааныг тогтоохоор Нислэг, техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба ажиллаж байна гэв.