Ерөнхий сайдын мэдээллийг хойшлуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлын асуулгад хариулахаар боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг хойшлуулж, УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тавьсан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, өвлийг өнөтэй давах асуудлаар тавьсан асуулгад хариулахаар боллоо.

Чуулганаар хэлэлцэх асуудлаар санал авах үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Зуншлага гандуу байсантай холбоотойгоор өвөлжилт хүндрэх нь тодорхой боллоо гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар 113 сумдад зудын байдалтай болж, 40 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна. Иймээс бид өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж байгаа, өвлийг өнөтэй давахад анхаарч шийдвэрлэх шаардлагатай ямар асуудлууд байгааг нээлттэй сонсч, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийн цагийг хойшлуулан өнөөдөр өвөлжилтийн асуудлыг хэлэлцүүлэх, асуулгадаа хариулт авах саналтай байгаа тул горимын санал гаргаж байна” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Өвөлжилтийн асуудалд УИХ-ын гишүүн С.Бямбацогт анхаарч Засгийн газарт асуулга тавьсан. Иймээс өнөөдрийн Ерөнхий сайдын мэдээллийн цагийг С.Бямбацогт гишүүний өвөлжилтийн асуулгад өнөөдөр хариулах нь зүйтэй болов уу. Бид цаг үеийн нэн шаардлагатай асуудлаа хэлэлцэх зүйтэй гэж үзэж байна” гэлээ.

Ингээд горимын саналаар санал хурааж гишүүдийн олонхи С.Бямбацогт гишүүний саналыг дэмжсэн тул өнөөдөр 15.00 цагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцэхээр боллоо.