НИТХ-ын ээлжит хурал өнөөдөр болж байна. Хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг хэлэлцэх ёстой байсан боловч дахин эргэж харахаар олонхийн бүлэг хойшлууллаа.
Гэр хорооллын дахин төлөвлөлт нь нийслэлчүүдийн хамгийн их хүсэн хүлээсэн ажил. Нийслэлийн төсөв дээр иргэдээс санал авах үед оролцогчдын 70 хувь нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг яаралтай шийдэхийг санал болгосон байдаг. Гэвч энэ ажил бүтэн жил 6 сарын дараа хөндөгдөж эхэлсэн боловч дахин ийнхүү хойшилж байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг анх 2013 оноос эхлүүлж, төсөл эхэлснээс хойш 38 дотоодын төсөл хэрэгжүүлэгч шалгаран ажиллаж, 24 байршилд бүтээн байгуулалт явагдан, 10000 орчим орон сууцны барилга угсралтын ажил эхэлж 2014 онд 960 айлын орон сууц, 2015 онд 1656 айлын орон сууц, 2016 онд 2273 орон сууц тус тус ашиглалтанд оруулж нийт дүнгээр 5000 орчим айл зөвхөн гэр хороололд орон сууцанд орж байсан байна. Харин 2017 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр орон сууц баригдаж, ашиглалтад ороогүй байна.
Гэр хороолол нь Улаанбаатар хотын газар нутгийн 54,9 хувийг хамран, төлөвлөлтгүй тэлж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг зөрчиж байгаа асуудал болсон учраас Нийслэлийн удирдлага 2014 онд Нийслэлийг орон сууцжуулах дэд хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж байсан билээ. Харамсалтай нь өмнөх удирдлагын үед хийсэн, эхлүүлсэн бүх ажлыг зогсоож, өөрчлөн, нэрийг нь солих гэж оролдсоор жил 6 сарыг тойрчээ. Ингээд одоо 2 дугаар сард дахин төлөвлөлтийн компаниудтай уулзахаар төлөвлөөд байгаа боловч НИТХ-ээр хэлэлцэхээс хойшлуулсан нь бас л үр дүнгүй, цаг алдах нөхцөл бүрдүүлэхээр болоод байна. Учир нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг шинэчлэн батлуулахаас эхлээд олон ажил байгаа юм байна.
Иймд бүтэн жил 6 сарын дараа буюу сонгууль хугацааны тал хувь нь дуусчихаад байхад тодорхой үр дүнгүй сууж байгаа төдийгүй дахин хойшлуулж хариуцлагагүй хандажбайгааг АН-ын бүлгийн төлөөлөгчид эсэргүүцэж байна. Нийслэлийн удирдлагуудаас энэ чиглэлээр үр дүн хүлээх аргагүй болох нь ээ.