Хан-Уул дүүргийн 46 дугаар цэцэрлэгийн барилгыг дүүргийн хөрөнгө оруулалтаар шинэр барьж ашиглалтанд орууллаа.
46 дугаар цэцэрлэгийн хоёр давхар барилгын нийт төсөвт өртөг нь 1 тэрбум 900 сая төгрөг бөгөөд “Бумбод” компани 7 сар гаруй хугацаанд гүйцэтгэж ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг нь өмнө нь 130 хүүхдийн хүчин чадалтай, 28 багш, ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан бол өдгөө 10 бүлэг, 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 39 багш, ажиллагсадтайгаар өргөжин үүд хаалгаа нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, “Бумбод” компанийн Ерөнхий инженер н.Ууганбаяр болон эцэг эхийн төлөөлөл оролцоо.
Цэцэрлэгийн үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Өмнөхөөсөө өргөжиж өнөөдөр 240 хүүхдийг хүчин чадалтайгаар нээгдэж байгаад баяртай байна. Дүүргийн удирдлагууд болох Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин нартай хамтран багаараа олон ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 2018-2019 онд дахин 2 цэцэрлэг барих төсөв санхүүжүүлэлт нь бүрэн шийдэгдсэн талаар дуулгахад таатай байна. Цаашдаа Хан-Уул дүүргийн хэмжээнд хаана цэцэрлэг, сургууль хэрэгтэй байна тэр бүхэн дээр бид анхаарч ажиллана” хэмээв.
Мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, "2018 он Хан-Уул дүүргийн хувьд онцлох жил болно. Ялангуяа хүүхэд, багачуудынхаа сургуульд сурч боловсрох орчин нөхцлийг нь бүрэн хангасан, багш ажилчдыг ажлын байр нэмэгдсэн жил байна. Хан-Уул дүүрэгт 2018-2019 онд 6 цэцэрлэгт, 3 сургууль шинээр баригдаж ашиглалтанд орно гэдгийг энэ цаг үед тэмдэглэн хэлье. Мөн хүүхдийн төлөө гэсэн тус цэцэрлэгийн хамт олон та бүхэнд, хүүхэд багачууддаа, эцэг эхчүүд та бүхэндээ эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсье” гэлээ.
46 дугаар цэцэрлэг нь орчин үеийн стандартад бүрэн нийцсэн. Урлаг, спортын заалтай, загвар дизайны хувьд сүүлийн үеийн дизайнаар баригдсан гэдгээрээ онцлог юм.
Тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхбаатар 55 жилийн түүхтэй цэцэрлэг маань шинэ өргөөтэй болсноор хүүхэд багачуудын сурах орчин сайжирсанд эцэг эхчүүд, хүүхэд багачууд, хамт олныхоо өмнөөс дүүргийнхээ удирдлагуудад талархаж байна гэв.