Ардчилсан намаас зохион байгуулсан тайван жагсаал Сүхбаатарын талбайд боллоо. Жагсагчдын зарим нь Баруун дөрвөн замаас Сүхбаатарын талбай руу алхаж ирсэн бол нэлээд нь тусгай автобусаар ирэв. Эдгээр хүмүүсийг АН-ын гишүүн гэж зохион байгуулагчид тайлбарласан. Мөн жагсагчид "Ажилгүйдэл", "Ядуурал", "Татварын дарамт", "Үнийн өсөлт" гэсэн уриа лоозон барьжээ.
Нийслэлд болж буй тайван жагсаалыг нээж Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр "Монголчуудаа бидний хүлцэнгүй номхон, тэвчээртэй байдлыг ашиглаж, эрх баригчид даварсаар байна гэдгийг юуны түрүүнд хэлмээр байна. Үнэхээр өнөөдөр өнгөрсөн жилийн улс орон, эдийн засгийн хүрээнд өрнөсөн үйл явдлуудыг харлуулж, гутаах замаар Ардчилсан нам, Ардчилсан хүчнийг гутаах үйлдэл тасрахгүй байна. Ингэж эрх баригч нам эрх мэдлээ улам баталгаажуулахын төлөө улайрч байна. Ардчилсан хувьсгал хөгжсөн 28 жилийн дийлэнх хугацаанд өнөөгийн МАН-ынхан эрх барьсан. Тэд идэж, ууж, эрх дархаа бэхжүүлж, Монгол Улсын баялгийг гадныханд хямд үнээр зарж, борлуулсаар ирлээ. Өөрсдөө харин хагартлаа баяжсан. Одоо болно. Бид тэвчиж ханалаа. Монголчууд өөр өөрсдөдөө, эх орондоо эзэн болох цаг ирсэн. Бид үүний төлөө ард түмэнтэйгээ жагсаж байна” гэв.
Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй тайван жагсаалд Нийслэлийн 9 дүүргийн иргэд идэвхтэй оролцож байна. Мөн хэв журам зохицуулах зорилгоор Цагдаагийн байгууллага хяналт тавин ажиллаж байв. Жагсаалд оролцож буй иргэд “Ард түмний амьдрал улам дордсоор байхад сайд нар үнэтэй машин унаж, Засгийн газар нь татвараа нэмж байгаа нь буруу. Үнэхээр нийгмийн бухимдал их байгаа нь МАН-ын буруутай үйл ажиллагаанаас эхтэй” гэсэн байр суурь илэрхийлэв. Жагсагчид Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн АН-ын шаардлагын бодитой хариуг нэхэж, Төрийн ордныг нар зөв тойрон гороолов.
Уг шаардлагад ОУВС-гаар халхавч хийн тооцоо судалгаагүй 9 төрлийн татвар нэмсэн бодлогогүй шийдвэрээ цуцлах, Агаарын бохирдлын асуудлаар дорвитой арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх, МАН хэт олонхдоо эрдэн өөрсдийн эрх ашгийг хамгаалж баталгаажуулахаар улайран Төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдал, Үндсэн хуулийн суурь бүтэц, үзэл баримтлалыг эвдсэн төсөл хэлэлцүүлж байгаа үйлдлүүдээ зогсоохыг шаарджээ.