Монголд жилд 100 иргэн цагаачаар квот авдаг болох нь

Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо өчигдөр /2018.02.07/ хэлэлцэн дэмжсэн.

Энэхүү төслөөр Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоог жил бүр 100-аас дээшгүй байхаар тогтоосон байна. Улс орнуудад дараах байдлаар квот тогтоосон байна.

Үүнд:

-Оросын Холбооны Улсын харьяат иргэн 30-аас дээш

-Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харьяат иргэн 30-аас дээшгүй;

-бусад орны харьяат иргэн 40-өөс дээшгүй.

Мөн түүнчлэн 2018-2020 онд жил бүр цагаачлуулж болох гадаад иргэдийн байршлыг дараах байдлаар тогтоожээ.

-Улаанбаатар хотод 52-оос дээшгүй;

-Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт тус тус 4-өөс дээшгүй;

-бусад аймагт 2-оос дээшгүй.

/Цагаач гадаадын иргэнээс төрсөн хүүхдэд цагаачлах зөвшөөрөл олгоход энэ тогтоолын хязгаарлалтад хамааруулахгүй байж болно./

Манай улсын хэмжээнд одоогоор гадаадын 1957 иргэн цагаач статустай байгаа бөгөөд үүнээс 63.7 хувь нь Хятад улсын иргэд, 643 нь Оросын цагаач иргэд байгаа ажээ. Эдгээр цагаачид ихэвчлэн долоон буудал зэрэг газруудад ихэвчлэн суурьшсан байдаг байна. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн батлах юм.