Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хоёрдугаар сарын 03, 10-ны бямба гаргууд, 04, 11-ны ням гаргуудад автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Дээрх хязгаарлалт хийх өдрүүдэд Нийслэлийн тээврийн газраас Орбит, Нарангийн гол, ХМК, Баянхошуу, Нисэх, яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх Шархад гэсэн суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү том оврын арван автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлнэ.
Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилээнд үндсэн 74, хот орчмын 13, шөнийн тээврийн 1, нийт 87 чиглэлд 694 их, дунд багтаамжийн автобус, троллейбус ажиллуулахаар төлөвлөөд байна. Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн зорчих ачаалал нэмэгддэг хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо гэсэн нийт 19 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 42-оор нэмэгдүүлж төлөвлөж бэлтгэл ажлыг хангажээ.
Баярын өдрүүдэд хотын захын хэсгүүдэд авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул иргэдийн шуурхай зорчих эрэлтийг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээг хоёрдугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд өглөөний 08:00 цагаас үдшийн 22:30 цаг хүртэл үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас шийдвэрлэсэн.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах болно хэмээн Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.