Өнөөдөр Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд Эрүүл мэндийн хичээлийг ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт оруулах ажлын хэсгийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов.
Тус хамтарсан Ажлын хэсэгт БСШУСЯ, ЭМЯ, Боловсролын хүрээлэн, МУБИС, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагын төлөөлөл багтжээ. Тус Ажлын хэсгээс энэ өдөр эрүүл мэндийн боловсролын асуудлаар боловсрол, Эрүүл мэндийн салбарын холбогдох мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, ЕБС-ийн багш нарын хүрээнд өргөтгөсөн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан юм.
Уулзалтын үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн ахлах мэргэжилтэн Д.Болорчимэгтэй уулзаж, тус сангаас ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлийг бие даасан хичээл болгох талаар ямар бодлого чиглэл, хандлагатай байгааг тодруулав.
Тэрбээр, "ЕБС-ийн сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох талаар өнгөрсөн хугацаанд бусад хичээлтэй нэгдмэл байдлаар явуулж ирсэн нь үр дүн багатай, чанаргүй болж байсан. Иймд эрүүл мэндийг хичээлийг бие даасан хичээл болгож байгааг бид бүрэн дэмжиж байна. Манай Хүүхдийн сангаас техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллана. Ирэх 9 дүгээр сарын 1-нээс ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг бие даасан хичээл болгож оруулахаар одооноос Ажлын хэсэг гарган, бэлтгэл ажлыг хамтран эхлүүлж байгаад талархаж байна” гэлээ.
Зөвлөлдөх уулзалтаар эрүүл мэндийн боловсролын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан болон багш бэлтгэх, сургалтын үр дүнг үнэлэх зэрэг олон асуудлын талаар хэлэлцэж, санал солилцсон юм.
ЕБС-д сурагчид эрүүл мэндийн боловсролын мэдлэг, ойлголттой болсноор эрүүл мэндээ хамгаалах, эрүүл аж төрөх ур чадварт суралцсан байх нь бие даасан эрүүл мэндийн хичээлийн ач холбогдол орших юм.