“Морин хуур-2017” оны шилдэг дуу шалгаруулах наадмын гала тоглолт амжилттай болж өнгөрлөө. 31 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Морин хуур” наадмын эхний шатанд 100 гаруй дуу ирснээс хоёрдугаар шатанд 33 дуу шалгарч үлдсэн ба гала тоглолтод 15 бүтээлийг тодруулан тайзнаа эгшиглэлээ.
Наадмын эстрадын дууны төрөлд тэргүүн байрт урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын аялгуу, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн шүлэг, гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулсан “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” дуу шалгарчээ. Нийтийн дууны төрөлд Ардын жүжигчин А.Энхтайваны аялгуу, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Сонинбаярын шүлэг, соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаваагийн дуулсан “Дангина” дуу тэргүүн байр эзэлжээ.
Харин мэргэжлийн дууны төрөлд урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн аялгуу, яруу найрагч Өлзийдэлгэрийн шүлэг, гавьяат жүжигчин Ө.Уянгын дуулсан “Эх орон ээж минь” дуу тэргүүн байрыг тус тус эзэлсэн байна.