Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар үргэлжилж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө. Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэлбичгийн шалгалтад хамрагдсан байх шаардлагатай юм.
2018 оны ЭЕШ-ын журамд өмнөх онуудаас хэд хэдэн өөрчлөлт орсон. Тодруулбал:
- Улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгуулагчийн хувийн мэдээллийг авдаг болсон.
- Шалгуулагч Мобиком компианы “Candy” үйлчилгээг ашиглан шалгалтын төлбөрөө төлөх боломжтой
- Шалгуулагч бүртгүүлэхдээ файлаар оруулсан цээж зургаа урьдчилж харах боломжтой болсон.
- Өмнөх оны шалгуулагчдын “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байна.
- ЭЕШ-ын бүртгэл онлайнаар явагдах ба шалгуулагч www.eec.mn цахим хаягаар бүртгүүлнэ. ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.
- ЭЕШ-д бүртгүүлэхэд Монгол хэлбичгийн шалгалт нь шууд сонгогдох ба шалгалтын хураамжгүй, батламж хуудастай байна гэсэн өөрчлөлтүүд орсон юм.
Энэ онд төгсөх шалгуулагчийн суралцаж буй сургууль, анги, бүлэг, регистрийн дугаарын мэдээлэл зөрүүтэй бол сурч буй сургуулийн сургалтын алба /сургалтын менежер/-аар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын нэгдсэн систем /esis.edu.mn/-д засварлаж www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулах шаардлагатай.
Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
- Өнгөт цээж зураг файлаар / цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн 2018 оноос өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна/ - Шалгалтын хураамжийг Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, candy /1 candy = 1 төгрөг/ цахим мөнгө ашиглан шилжүүлнэ.
- Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно. Бүртгэл баталгаажсанаас хойш шалгуулагчийн овог, нэр улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд солигдсон бол www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна.
Өмнөх онд төгссөн шалгуулагч шалгалт өгөх аймаг /хот/ -аа өөрөө сонгож бүртгүүлэх бол гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн шалгалтад бүртгүүлэхдээ бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг БСШУСЯ-аар баталгаажуулж, Боловсролын үнэлгээний төвд ирж бүртгүүлэх юм. Хөгжлийн бэршээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
Түүнчлэн энэ онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас “Бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор батаалгаажсан байх ба шууд хэвлэн авах юм.
Энэ сарын 5-нд эхэлсэн бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 16-ны орой 18:00 цагт дуустал үргэлжлэх бөгөөд бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй юм. Харин шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан 2018 оны 05-р сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авах боломжтой.